ДАХИН САНАЛ ХУРААЛТЫГ 7-НД ЯВУУЛАХААР БОЛЛОО
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын товын талаар хэлэлцээд, долдугаар сарын 7-нд явуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болсон. Сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ба олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй.
Тиймээс хоёр дахь санал хураалт явуулахаар болж, СЕХ-ноос санал хураалтын өдрийг долдугаар сарын 9-нд гэж товлоод байсан юм.
Энэ нь иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд тавьсны дагуу СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, хугацааг хоёр өдрөөр наашлууллаа.