Н.Энхбаяр, М.Энхболд нар шөнийн цагаар уулзаж юу ярив?
МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар урьд шөнө 23:00 цагийн үед нууцаар уулзсан байна. Уулзалт хаалттай байдлаар гурван цаг гаруй үргэлжилжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн асуудлыг хэлэлцсэн билээ.
Зарим эх сурвалжууд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан ширүүн уур амьсгалтай болж, гишүүд нь М.Энхболдыг буруутгасан өнгө аястай байдлаар үргэлжилсэн гэх мэдээлэл өгч буй. Гол нь МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатараас эрх баригч намын дарга ердөө 1800 орчим саналаар илүүрхсэн нь том цохилт болоод буй. Тиймээс ч МАН-ын дарга М.Энхболд дахин санал хураалтын өмнө Н.Энхбаяртай уулзаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрэхийг зорьсон бололтой. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нууцаар уулзах үеэр МАН-ын дарга М.Энхболд “Та нэр дэвшвэл миний санал хуваагдах гээд байна” хэмээж, тодорхой тохироонд хүрэхийг хүссэн байдаг.
МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс “Би чамайг томоохон албан тушаалд томилогдох бүрт дэмжсээр ирсэн. Энэ удаа ч дэмжиж болно. Гэхдээ хоёр нам эвсэх байдлаар тохироонд хүрч, надад Ерөнхий сайдын суудлаа өг” хэмээсэнд М.Энхболд “Наадах чинь бүтэхгүй” гэж хариулсан нь тодорхой болсон. Улмаар сонгуульд М.Энхболд ялалт байгуулсны дараа Н.Энхбаярт уучлал үзүүлэн, өөрийнхөө тойрогт дэвшүүлэх, Х.Баттулгын саналыг хуваах зорилгоор С.Ганбаатарыг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх зэрэг тохироо явагдсан талаар мэдээлэгдэж байв.
Энэ удаагийн уулзалтаар тэд ямар тохироонд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Шөнийн цагаар удаан хугацаанд сунжран үргэлжилсэн уулзалтын голлох сэдэв нь дахин санал хураалт болон Ерөнхийлөгчийн өндөр сэнтийтэй холбоотой байсан нь тодорхой юм.
Эх сурвалж: Мэдээ.мн
Г.ИТГЭЛ