ОХУ болон БНХАУ 10 тэрбум долларын гэрээ хэлэлцээрүүд байгуулна
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 7 дугаар сарын 3-4-нд ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр Орос болон Хятад улс ойролцоогоор нийт 10 тэрбум долларын үнийн дүн бүхий гэрээг байгуулах ажээ. Энэ тухай пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Ли Хуэйлай мэдэгджээ.
“Талууд нийтдээ 10 тэрбум долларын үнийн дүн бүхий гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурах гэж байна. Ингэснээр уг айлчлал нь хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд гаргах юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэлээ.
“Айлчлалын үеэр талууд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Төрийн тэргүүн нар хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна” гэж Ли Хуэйлай дурдав.
“Уг хоёр хамтарсан мэдэгдлийн нэг нь хоёр талын харилцаатай холбоотой бол нөгөө нь олон улсын асуудлаарх баримт бичиг юм. Уг мэдэгдэл нь Хятад болон Оросын байр суурийг тодорхой болгохын сацуу хоёр улс энх тайван, тогтвортой байдлыг дэмжин сахиулахын төлөө шийдвэр төгс байгааг илэрхийлэх юм” гэж сайдын туслах тайлбарлалаа.
Үүнээс гадна Ши Жиньпин Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзана. “Тэд өргөн хүрээтэй асуудлаарх практик хамтын ажиллагааг хэлэлцэнэ” гэж тэрбээр нэмж хэлэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 3-6-нд ОХУ болон Герман улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн урилгаар 7 дугаар сарын 7-8-нд Гамбург хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
Эх сурвалж: Залуу.ком