Ц.Нямдорж: Энэ сонгуульд хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хар пиар. Нөгөө нь гүйцэтгэх ажил
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Монгол Ардын НамынУдирдах зөвлөл сонгуулийн дараа хуралдаж, хариуцлага тооцох талаар ярилцсан. Мөн намын дотор хагарал бий болж, өөр жигүүр байгуулагдлаа гэх мэдээлэл гарсан. Үүндтайлбар өгнө үү?
-Намайг “Монгол Ардын Нам задарлаа гэсэн элдэв яриа тарааж байна” гэхсураг дуулдсан. Би зургаадугаар 26-ны өдөр өглөө 07.00 цагт саналаа өгчихөөд ажлын шугамаар БНСУ руу яваад өчигдөр орой ирлээ. Тиймээс Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцоогүй. Хоёрдугаарт, гадаадад явж байсан учир ямар нэгэн хариуцлагын талаар ярих боломж байгаагүй. Гуравдугаарт, сонгууль дуусаагүй байна. Дахин санал хураалт явах нь ойлгомжтой болсон. Сонгуулийн санал хураалт дуусч, эцсийн шийдвэр гараагүй байхад хариуцлагын тухай ярина гэж юу байх вэ. Удирдах зөвлөлийн хурлаар аливаа намд байдаг сонгуулийн дараах санал бодол солилцох, зарим хүний сэтгэл санаа сайнгүй байх зэрэг үйл явц болсон л байх. Ямартай ч гарцаагүй үнэн зүйл бол Удирдах зөвлөлийн хуралдаанд миний бие оролцоогүй. Тиймээс би юу ярих вэ дээ. Энэ сонгуулийн нэг муухай арга нь хар пиар байлаа. Байдлыг нь ажиглахад гүйцэтгэх ажлыг их эртнээс төлөвлөж зохион байгуулсан элементүүд харагдаад байна. Өмнөх сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гардаг байсан. Харин энэ сонгуульд нэмэгдэж байгаа холын улбаатай маш муу зүйл бол энэ их монтаж, хар зохиол юм. Үүнд үнэхээр харамсч байна. Нэр дэвшиж байгаа хүмүүс Монгол төрийн тэргүүн болох гэж байгаа. Багт нь ажиллаж байгаа сэтгүүлчид Монголын төрийн тэргүүнийг сурталчлах ажлыг мартаж болмооргүй юм. Энэ сонгуульд хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хэвлэлээр дамжсан хар пиар. Нөгөө нь гүйцэтгэх ажлын элемент илт ажиглагдаж байна.
-МАХН-тай хамтарч ажиллах талаар яригдаж байна. Ер нь та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна?
-Одоо бүх юм тодорхойгүй байна. Санал дахин авахаар боллоо. Солонгосоос өчигдөр ирсэн болохоор нөхцөл байдлыг судалж амжаагүй байна. Баян-Өлгий аймгийн санал хураалттай холбоотой маргаан гарч, түүнийг өнөөдөр дахин тоолж байгаа гэсэн яриа дуулдана лээ. Гэхдээ сонгуулийн үед нэг аймаг, нэг сумын сонгуулийн үр дүн саналын тоог орвонгоор нь эргүүлээд хаячих явдал гардаг л юм. Баян-Өлгий аймагт тийм юм болсон юм болов уу гэсэн ойлголттой байна. 2004 оны сонгуулиар Д.Дорлигжав,Ч.Авдай багш өрсөлдөх үеэр тийм тохиолдол гарсан байдаг. Увс аймагт 40 дүгээр тойргийн сонгуулийн дүн гарч Д.Дорлигжав 450 орчим санал авч, нэг сумын санал ирээгүй байсан. Бид дүнг 03.00 цаг хүртэл хүлээсэн. 980 саналаар Ч.Авдай багш илүү гарч 40 дүгээр тойргийн дүнг орвонгоор нь эргүүлсэн. Тиймээс Баян-Өлгий аймагт үүнтэй ижил зүйл болсон байх. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо нь эцэслэж олон нийтэд хүргэх ёстой.
-Гурван нэр дэвшигч гурвуулаа 30 гаруй хувийн санал авсан нь сонголтгүй сонгууль гэж яригдахад хүргэж байна?
-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гурван нам гурвуулаа дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ сонгуулийн үр дүнг маш нарийн судалж үзэх хэрэгтэй. Үүгээр ард түмэн нэг зүйл хэлээд байна. Ганцхан эрх барьж байгаа намд биш гурвууланд нь хэлээд байгаа шүү. Үүнд л дүгнэлт хийх хэрэгтэй. Ард түмний сонголт буруу байна гэж байхгүй. Монголд том даргын хайгуул болдог. Ерөнхийлөгч үү, УИХ уу, Засгийн газар уу гээд хайдаг. Үүн дээр Үндсэн хуулийн Цэц нэмэгддэг. Тэгээд л бидний дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг. Гэхдээ аль нь ч биш. Монгол Улсын хамгийн том дарга бол хоёр сая сонгогчид. Бид дөрвөн жилийн циклээр амьдардаг. Энэ дөрвөн жилийн хугацаанд ард түмэн улсын бүх зүйлийг санал хураалтаар шийддэг. Хаан сонголт гэж нэрлээд байдгийн учир нь тэр. Эцсийн бүх шийдвэрийг тэд гаргадаг. Тиймээс энэ сонгуулиар би олон, чи цөөн санал авсан эсвэл олонх, сөрөг хүчин байсан гэдэг утгаар биш яагаад ийм дүнтэй гарав гэдэгт улс төрд явж байгаа бүх хүн дүгнэлт хийх хэрэгтэй. Буруу байвал бүгдээрээ өөрсдөөсөө буруугаа хайх хэрэгтэй. Хэн нэгэн муу, хэн нэгэн сайн байна гэж хэлэхээс илүү энэ удаагийн сонгуульд ард түмэн яагаад ийм сонин байдлаар санал өгсөн гэдгийг л бодох хэрэгтэй.
-Монгол Ардын Намын гишүүд сүүлийн үед дотроо зөрчилдөж байна гэсэн мэдээлэл гарч байна. Түүн дотор таны нэр бас явж байна?
-Тийм зүйл байхгүй. Би М.Энхболд даргатай намынхаа Бага хурал дээр нэр дэвшээд гарч ирж чадаагүй. Үүнээс хойш сарын хугацаа өнгөрөхөд бид хоёр ам мурийсангүй. Харин ч морь уяж байгаа уяач шиг би олон газраар дагаж явлаа. Ийм байхад хэдийдээ муудалцах вэ. Монгол Ардын Нам сонгуулийн дүнгийн талаар ярих нь зүйн хэрэг. Ялсан ч, ялагдсан ч ярина шүү дээ. Ялбал нэг өнцгөөр, ялагдвал бас нэг өнцгөөр ярих нь байдаг л асуудал. Монгол Ардын Нам хагаралтай байна гэж гүтгэсэн хар мэдээг олон нийтэд хүргэж, ийм намд дахиж санал өгөөд яадаг юм гэсэн сөрөг ухуулгыг хийж л байгаа байхгүй юу.
-Дахин санал хураалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Үүнийг тааварлах аргагүй зүйл.
-Дахин санал хураалтыг хүчингүй болгохын тулд цагаан хуудас хийе гэсэн давалгаа сошиал ертөнцөд яваад байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Давалгаа биш, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн зарим нэг нь ийм зүйл яриад байгаа юм биш үү. Би ингэж ойлгосон. Ард түмний сонголт, сэтгэл зүйг хүндэлж сурах ёстой. Ялагдчихаад гонгиноод байдгаа болих хэрэгтэй шүү дээ. Ард түмний шийдвэр бол шийдвэр. Замаас нь будилуулж, дахин сонгууль явуулж байж өөрөө Ерөнхийлөгч болох санаатай хүн байж мэднэ шүү. Тэр хүмүүс дахин санал хураалтыг будилуулах башир арга хэрэглээд эхэлчихсэн нь надад мэдрэгдээд байна. Энэ бол буруу. Ц.Нямдорж Монголын төрийн тэргүүн байх албагүй шүү дээ. Ц.Нямдорж л биш бол өөр хэн ч биш гэж үзэх эрх надад байхгүй. Зарим нэг хүн ингэж бодоод ерөөсөө амраахгүй байна. Сүвлээд, хор хутгаад, хордуулаад, будилаан хутгаад, шантааж хийгээд байна.
-Хэрэв дахин сонгууль болохоор бол Н.Энхбаяр нэр дэвших магадлал бий юү?
-Үүнийг СЕХ шийднэ. Ямар ч тохиолдолд СЕХ сайнаар шийдвэр гаргасан. Одоо дахиад энэ асуудлаар өөр шийдвэр гаргавал “шараа” болно биз дээ.
Эх сурвалж: www.TODAY.mn