21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ц.МӨНХЦЭЦЭГ: ДАХИН САНАЛ ХУРААЛТ ХОЁУЛАНД НЬ АШИГГҮЙ

2017 оны 06 сарын 30 нд

-Төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн монголчууд долоон удаа зохион байгуулсан ч анх удаа дахин санал хураалт явуулахаар болж байна. Магадгүй цаашлаад дахин сонгууль ч явуулах нөхцөл үүсч магадгүй болчихлоо. Сонгуулийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ хавар явагдсан Францын болон Өмнөд Солонгосын сонгуулиудтай харьцуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бодлогын өрсөлдөөн болж өнгөрсөнгүй. Нэр дэвшигчдийн дэвшүүлж буй асуудал, бодлогын шийдэл, мөрийн хөтөлбөр тун бага яригдлаа.Олны анхаарал татсан сенсааци мэдээллүүд л давамгайлав.Сонгогчид үндсэндээ 'харанхуй' байсаар санал өгсөн.Үндсэндээ гарааны рейтинг, сонгуулийн сүүлийн рейтинг энэ гурвынх ойр явсаар ийм дүнтэй золголоо.Бид гурван намаас нэр дэвшигчид тодорсон цагаас л иргэдийн дунд тандалт судалгаа хийсэн.Судалгаагаар гурван намын нэр дэвшигчдийн санал ойролцоо байсан.Тодруулбал, нэр дэвшигчид 28-35 хувийн санал авах дүр зураг ажиглагдаж байсан юм.Тиймээс сонгуулийн сурталчилгааны эхэн үед л энэ удаагийн сонгууль хоёр үе шаттай болох нь гэсэн таамаг гарсан байсан. Ерөнхийдөө энэ сонгуулийн үр дүн бол иргэдийн улс төрд үл итгэх, улс төрийн намуудад итгэл алдарсны асар том илэрхийлэл боллоо. Өөрөөр хэлбэл, хоёр янзын эсэргүүцэл үзүүлэв. Үүнийг нэгд, С.Ганбаатарт санал өгснөөр, хоёрт гурвууланг нь эсэргүүцэж цагаан хуудас өгсөн байдлаар дүгнэж болно. Хэдийгээр нийт сонгогчдын 1.3 хувь нь цагаан хуудсаар эсэргүүцлээ ил тод илэрхийлсэн ч цаана нь сонгуульд оролцоогүй 31 хувийн нэлээд нь ийнхүү эсэргүүцэх байр суурьтай байсан нь судалгаанаас харагддаг.

-Нэр дэвшигчид ийм ойролцоо санал авахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь юу байж болох вэ?

-Судалгаанаас үзэхэд энэ гурван нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэх сонгогчдын тоо тааруу байсан. Өөрөөр хэлбэл, сонгогчид өөр хүлээлттэй байсан.Ер нь бол 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш улс төрийн гол хоёр тоглогч болох МАН, АН-ыг тогтмол дэмжигч сонгогчдын тоо буурч, хөвдөг сонгогчид ихэссэн.Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар гуравдагч хүчин буюу “Шударга ёс” эвсэл нийт сонгогчийн 25 орчим хувийн санал авсан. Анх удаагаа гуравдагч хүчин ийм өндөр санал авсан юм.Энэ дүр зургийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн давтаж байна.

-Магадгүй АН, МАН өөр хүмүүс нэр дэвшүүлсэн бол сонгуулийн үр дүн өөр гарах байсан уу. Эсвэл огт ялгаагүй байсан уу?

-Иргэдийн дунд судалгаа хийж байхад иймэрхүү хүлээлт байсан. Тухайлбал АН-аас Р.Амаржаргал, МАХН-аас Н.Энхбаяр дэвшсэн бол саналаа өгөх байсан, одоо хэнд өгөхөө мэдэхээ байчихаад байна гэсэн сонгогчид нэлээд таарсан.

-Нэр дэвшсэн С.Ганбаатар 407 мянга гаруй сонгогчийн санал авсан нь МАХН-ын нэр хүндтэй холбоотой юу эсвэл улс төрд гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байна гэсэн үг үү?

-Сонгогчдын дунд МАХН-ын рейтинг өндөр байсан учраас С.Ганбаатар ийм санал авлаа гэж шууд утгаар ойлгож болохгүй. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд намын гэхээс илүүтэй хувь хүний хүчин зүйл чухал байдаг нь АНУ-ын болон Францын ерөнхийлөгчийн сонгуулиудын жишээ харуулж байна .Яг үүнтэй адилаар С.Ганбаатар хэмээх нэр дэвшигчийн хувийн харизм, имиж тодорхой хэмжээнд нөлөөлсөн.Нөгөөтэйгүүр, МАН, АН-д итгэх иргэдийн итгэл буурсан нь нэр дэвшигч С.Ганбаатар өндөр санал авахад голлох хүчин зүйл болсон. Гурван сонгогч тутмын нэг нь нэр дэвшигч С.Ганбаатарт санал өгсөн нь МАН, АН-д үзүүлж буй эсэргүүцлийн нэг хэлбэр

-18 мянган сонгогч цагаан хуудсаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлсэн. Нэр дэвшигчид таалагдахгүй байгаагийн хамгийн том илрэл байх. Эсвэл сонгогчийн боловсрол дээшилснийх үү?

-Бидний ажиглалтаар боловсрол өндөртэй, мэдээлэлд ойр байдаг сонгогчид энэхүү эсэргүүцлийн санал буюу цагаан хуудас өгсөн. Энэ нь нийт санал өгсөн сонгогчийн 1.3 хувийг эзэлж байгаа ч тодорхой анхааруулга өгч байгаагийн илрэл юм.Сонгогчийн боловсрол дээшилсэн гэж дүгнэхэд хэцүү.Яагаад гэвэл сонгогчдын дунд хийсэн судалгаагаар сонгогчид нэр дэвшигчидтэй холбоотой сөрөг мэдээлэлд дөжирсөн шинжтэй байсан. МАН-ын нэр дэвшигчтэй холбогдох 60 тэрбум, АН-ын нэр дэвшигчтэй холбоотой төмөр замын хэрэг, оффшорын асуудал болон МАХН-ын нэр дэвшичийн холбогдсон 50 сая воны хандивын асуудал сонгогчдын саналд нөлөөлөхүйц хүчин зүйл болж чадаагүй. Өөрөөр хэлбэл улстөрчид, улс төрийн намууд авлига, хээл хахууль угаас авдаг, бүгд л их бага хэмжээгээр идэж ууж байгаа гэх хандлага иргэдийн дунд түгээмэл байлаа.Энэ бол харамсалтай дүр зураг.Хэрэв сонгогчийн боловсрол өндөр байсан бол энэ удаагийн сонгуулийн үр дүн ийм гарахгүй байсан.

-Хоёр дахь шатны санал хураалт ирэх долоо хоногт болно. Ирц хүрэхгүй байх гэсэн болгоомжлол маш их байна?

-Баяр наадам, амралтын үе таарч байгаа тул сонгогчдын идэвх сул байх магадлалтай. Мөн С.Ганбаатарыг дэмжиж байсан сонгогчид мухардалд орсон байхыг үгүйсгэхгүй.Үүнээс гадна өнгөрсөн санал хураалтаар эсэргүүцлээ илэрхийлсэн сонгогчид энэ удаа дахин цагаан хуудас өгөх үү, эсвэл сонгуульд огт оролцохгүй үлдэх үү гэдэг нь тодорхойгүй.Товчхондоо, дахин санал хураалтын ирц өмнөхөө гүйцэхгүй.Энэ удаагийн дахин санал хураалт Монголын улс төрд урьд өмнө байгаагүй жишгийг бий болгож байгааг онцлох хэрэгтэй байх.1993 оноос хойш зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар анхны санал хураалтаар ялагч тодорсон байдаг.Харин энэ удаад дахин санал хураалт болох болсон нь улс төрийн гол хоёр тоглогч болох МАН, АН өөрсдөдөө дүгнэлт хийх ёстойг харуулж байгаа юм.

-Дахин санал хураалтад өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчийн хэнд нь илүү ашигтай байж болох вэ, судлаачийн хувьд юу гэж боддож байна?

-Хэнд нь илүү ашигтай вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Сонгуулийн дүнд С.Ганбаатарыг дэмжсэн сонгогчдын сонголт болон эсэргүүцлээ илэрхийлсэн 18 мянга орчим иргэний байр суурь ихээхэн нөлөө үзүүлнэ. Дахин санал хураалт бол нэр дэвшиж байгаа хоёуланд нь ашиггүй хувилбар.МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар өчигдөр ТВ 9 телевизэд ярилцлага өгөхдөө өөрийг нь дэмжигчиддээ хандан “Сонголтондоо үнэнч байгаарай. Би сонгуульд саналаа өгнө. Гэхдээ энэ хоёрын алийг нь дугуйлахгүй. Цагаан хуудас өгнө. Бидэнд эсэргүүцэх эрх байгаа” гэж хэлсэн. Үүнээс харахад Ганбаатарын дэмжигчид хоёр дахь шатны санал хураалтанд цагаан хуудсаар эсэргүүцэл илэрхийлэн оролцох магадлалтай байна.

-Сонгуулийн сурталчилгаа маш бохир байсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байсантай холбоотой байж болох уу, эсвэл?

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сурталчилгаа 45 хоног үргэлжилж байсан. Харин 2013 оны сонгуулиар энэ хугацаа багасч, 33 хоног болсон. Энэ удаад 18 хоногт сонгуулийн сурталчилгаа хийлээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаа багасахын хэрээр сонгогчид бодит мэдээлэл авах нь хомс байна.Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах хугацаа олдсонгүй.Хэрэв төрийн тэргүүнээ бүх ард түмнээсээ сонгодог энэхүү тогтолцоог үргэлжлүүлбэл сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэх ёстой.Сонгогчдод үнэн зөв, бодит мэдээллийг авч сонголт хийх боломжийг олгох хэрэгтэй гэж бодож байна.Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэд хэдэн мэтгэлцээнийг зохион байгуулах ёстой.Сая сонгуулийн сурталчилгааны сүүлчийн орой ганц удаа мэтгэлцээн зохион байгуулсан нь үнэхээр хангалтгүй байна.Уг нь Телевизүүдийн холбооны хийх гэж байсан шиг тодорхой сэдвүүдээр хэд хэдэн удаа мэтгэлцээн явсан бол хүмүүст илүү хэрэгтэй байлаа.Тэгсэн бол энэ гурвын мөрийн хөтөлбөр, юу хийх талаар сайн мэдэх байв.

          Нэг авууштай нь энэ удаа МҮОНТВ иргэдээс ирсэн бүх асуултыг www.election2017.mnb.mn сайт дээр тавьж байсан нь судлаач бидэнд болон сонирхсон хүмүүст хэрэгтэй зүйл болсон.Өмнөх сонгуулиудад бол эднийх үзэгчдээс ирсэн асуулт гээд яг ирсэн үү, өөрсдөө хийсэн үү гэдэг нь тодорхойгүй асуултууд явуулдаг байсан.Тийм учраас энэ удаа MYOHTB мэтгэлцээнийг үнэхээр шударга явуулах эсэх, үзэгчдээс хамгийн их ирж байгаа асуултуудыг асууна гэснээрээ асуух эсэхийг хөндлөнгөөс хянахын тулд манай судалгааны хүрээлэнгээс тус сайт дээрээс гурван нэр дэвшигч тус бүрээр нэгбүрчлэн гаргаж хэнд ямар асуултууд их давтагдаж байгааг анализ хийж үзсэн.Ингэхэд Х.Баттулга, С.Ганбаатар нарт сөрөг шинжтэй асуултын давтамж маш өндөр байсан бол М.Энхболдын хувьд сөрөг цөөн, төвийг сахьсан асуулт дийлэнх байсан.Мөн ирсэн асуултууд дотор нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь яг юу вэ, ямар ажил хийхнүү гэдгийг сонирхсон асуулт цөөн байсан.Өөрөөр хэлбэл иргэд хэвлэлээр яваад байсан нэр дэвшигчидтэй холбоотой сөрөг мэдээлэл, сенсаац бүхий асуудлыг л ихэд сонирхож асуусан байв.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчид бодлого, мөрийн хөтөлбөрөө ярих ёстой байсан. Гэвч бие биенийгээ муулсан сурталчилгаа давамгайлсаар сурталчилгааны богино хугацааг дуусгавар болгосон. Зарим хүмүүс нэр дэвшиж байгаа хүмүүсээс шалтгаалсан гэж тайлбарлаж байгаа бол сонгогчдын, нийгмийн захиалгаас бултсан, тархи угаах тактик байсан гэж хэлэх хүмүүс байна?

-Сонгуулийн сурталчилгааны богино хугацаа үүнд голлон нөлөөлсөн болов уу. Өмнөх сонгуулиудын жишгээс харахад сурталчилгааны эхэн болон дунд хэсэгт нэр дэвшигчийг болон мөрийн хөтөлбөр, амлалтыг таниулах ажил хийгдэж сүүлийн долоо хоногт сөрөг сурталчилгаа явуулдаг байсан. Гэтэл энэ удаа анхнаасаа л нэр дэвшигчдийн талаарх сөрөг мэдээлэл давамгай явж бодлого, мөрийн хөтөлбөр таниулах ажил хангалтгүй байлаа. Нөгөө талаас телевизийн сурталчилгаа, айл өрхөөр тараах ухуулгын материал зэрэг уламжлалт сурталчилгааны сувгууд хуулийн хүрээнд ихээхэн хязгаарлагдмал байсан тул харьцангүй чөлөөт орчин болох сошиал сүлжээгээр хэмжээ хязгааргүйгээр сөрөг сурталчилгаа явлаа.

-Цагаан санал өгөх уриалгыг аль нэг намын ухуулга гэж АН, МАН-ынхан хардаж байгаа?

-Хэрэв ирц бүрдэхгүй юмуу эсвэл аль ч нэр дэвшигч сонгогчдын 50-иас дээш хувийн санал авахгүй бол сонгууль бүхэлдээ хүчингүй болж дахин сонгууль явуулахаас өөр аргагүй. Гэхдээ энэ нь эдийн засгийн хувьд томоохон алдагдал хүлээнэ гэдгийг сонгогчид сайн ойлгох хэрэгтэй.

-Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр дахь шатны санал хураалтаар ирц 50+1, нэр дэвшигч 50 хувиас дээш санал авч байж хүчинтэй болно гэх. Зарим судлаачдын зүгээс хуульд 50+1 гэсэн заалт байхгүй гээд байгаа. Энэ ямар учиртай юм бол?

-Сонгуулийн тухай хуулийн 106.1 дээр “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж зааснаас гадна Монгол улсын Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн талаар хангалттай зааж өгсөн. Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 4-д “Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана”, 31 дүгээр зүйлийн 5-д “Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.”, 31 дүгээр зүйлийн 6-д “Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна” гэж заасан. Эдгээр заалтууд дахь олонх гэдгийг 50+1 гэж үзэх нь зөв юм.

-Улстөрд голлох үүрэг гүйцэтгэх буй МАН, АН хоёрын нэр хүнд яагаад ингэтлээ унах болов?

-Судалгааны дүнгүүдээс харахад улс төрийн институтууд дотроос иргэдийн итгэл хамгийн доогуур байдаг нь улс төрийн намууд болоод байна.Намуудад итгэх итгэл доогуур байгаа нь намууд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой. Ардчилсан нийгэмд улс төрийн бодлого боловсруулагч, улс төрийн боловсон хүчнийг шилэн сонгож бэлддэг гол институт бол улс төрийн намууд байдаг.Мөн намууд иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэгтэй. Гэтэл манай намууд ийм байж чадахгүй байна.Тиймээс Монголын сонгогчдын улс төрийн намыг дэмжих байдал буурч, харин үүний оронд элдэв янзын уриа лоозон бүхий популистуудад татагдахад хүрч байна.

-Цаашид улс төрийн голлох хүчнүүд сонгогчдынхоо итгэлийг олж авах, гол тоглогч хэвээр үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Сүүлийн 20, 30 жилд дэлхийн улс төрийн намууд шинэчлэгдэж байна.Ардчилал хөгжсөн ихэнх улсад намыг дэмжих уламжлалт хандлага суларч улс төрийн намд үйлдвэр, хамт олноороо гишүүнээр элсч кампаничлан дэмждэг байсан цаг ард хоцорч улс төрөөс хүнийсэх үйл явц газар авлаа.

          Намуудын гишүүдийн тоо цөөрч массын бус шинжтэй харьцангуй цомхон бүтэцтэй болж эхэллээ. Гишүүд дэмжигчдийн өргөн оролцооны оронд Think thank төвүүд, мэргэжлийн судлаач, мэргэжилтнүүдийн өндөр түвшинд боловсруулсан стратеги, хөтөлбөрүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах болов. Өөрөөр хэлбэл намууд бодлогын нам болон хувьсаж байгаа юм. Гэтэл манай намуудын хувьд өмнөх тогтолцооноос уламжлагдсан удирдлага зохион байгуулалтын шаталсан, нүсэр бүтэц, гишүүнчлэлийн хатуу зарчим зэрэг нийтлэг шинжтэй байгаа юм.Намууд гишүүдийн тоогоор хөөцөлдөх, олон гишүүдтэй харагдахыг эрмэлздэг.

Иргэд улс төрийн намуудад үзэл баримтлалыг нь дэмжиж элсэх бус ашиг хонжоо харж гишүүнээр элсэх явдал газар авчээ.Тийм учраас намууд маань бүтцийн хувьд шинэчлэгдэж бодлогын нам болох ёстой. Сонгуулийн сурталчилгаа нь бодлогын өрсөлдөөн болох ёстой.

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn/?id=4135



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0