21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ц.Гарамжав 3,9 сая долларын өрөө Төвбанкаар төлүүлж байхад, Иргэд 5 сая төгрөгийн зээлээ төлж чадахгүй шаналж явна

2017 оны 07 сарын 03 нд

-МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН “МОНПОЛИМЕТ” КОМПАНИЙН 
ӨРИЙГ БАРАГДУУЛАХ ТУШААЛ ГАРГАЖЭЭ-

Монголбанк Эрсдэлийн сангаасаа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын  “Монполимет” ХХК-ийн 882 сая төгрөг, 3.9 сая ам.долларын өрийг хаасан талаархи баримтыг өчигдөр манай сайт дэлгэсэн билээ. Уг авлагын асуудал “Монполимет” ХХК-ийн 2003 онд Монголбанктай байгуулсан арилжааны гэрээнээс үүдэлтэй юм. Гэрээт хугацаанд нийтдээ 10 арилжаа хийсэн бөгөөд 2007 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар энэ төрлийн арилжааг зогсоосон байна.

Хоёр талаасаа өр, авлага барагдуулах актад гарын үсэг зурсан хэдий ч төлөлт бүрэн хийгдэхгүй даамжирч явсаар Монголбанкнаас гомдол гаргахад хүрсэн байдаг. Анхан шатны шүүхээс “Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх шалтгаанаар буцааж, уг шийдвэрт үндэслэн Монголбанк Эрсдэлийн сангаасаа “Монполимет” ХХК-ийн өрийг барагдуулжээ. Монголбанкны активын ангилал, болзошгүй алдагдлын нөөц сан байгуулах, зарцуулах журмын 3.3.4-т хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн авлагыг эрсдэлийн сангаас хаахыг зөвшөөрдөг. Тийм байтал анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэн өр барагдуулсан нь анхаарал татаж буй юм.

Ажлын хэсгээс уг асуудлыг дахин сөхөж, шүүхийн байгууллагад хандах ёстой гэсэн чиглэл өгснийг Ц.Гарамжав гишүүн нууцлахыг хүсэж, УИХ-ын даргад хов хүргэснээр мэдээлээгүй өнгөрсөн байна. Гол нь шүүхийн шийдвэр гарсан огноо 2016.06.30. Энэ нь яг УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсан баярт өдрүүдтэй давхцаж байна. Улмаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал үүнээс хойш ердөө 21 хоногийн дараа /2016.07.21/ ажлаа өгчээ. Тэгэхээр 2016 оны Монголбанкны ерөнхийлөгчийн А-302 тоот тушаал нь одоогийн ерөнхийлөгч Н.Баяртсайханых болж таарч байна.

ШИНЭ ЖИШИГ: Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮН ШИГ ЖИРИЙН ИРГЭД Ч ӨРӨӨ ТӨРӨӨР ТӨЛҮҮЛЬЕ-

Ц.Гарамжав гишүүний “Монполимет” ХХК-ийн нийт хаалгасан өр 882 сая төгрөг, 3.9 сая ам.доллар. Үүнийг өнөөгийн ам.долларын ханшаар /2400 төг/ тооцож үзвэл, 10 тэрбум 410 сая орчим төгрөг байна.  Яг энэ мэдээлэл гарахтай зэрэгцээд сошиал орчинд “Ц.Гарамжав гишүүн ийм их өрөө Төвбанкнаар даалгаж болж байхад 5 сая төгрөгийн цалингийн зээл, 70 сая төгрөгийн орон сууцны зээлээ төрөөр хаалгая” гэсэн хошигносон шүүмжлэл түгэв.

Бодох л асуудал. Монголын нэр бүхий бийлэг эмэгтэйчүүдийн нэг Ц.Гарамжав гишүүн алтны опшин хэлцэл нэрээр 10 тэрбум гаруй төгрөгийн өрөө Төвбанкаар хаалгачихаж болж байна. Тийм байхад арилжааны банкуудад 5 сая төгрөгийн өртэй иргэн гэнэт ажлын байргүй болоход зээл төлөлтөд нь шууд эрсдэл үүсдэг.Улмаар барьцаанд тавьсан зүйл нь өндөр эрсдэлд орох жишээтэй. Ийм эрс тэс ялгаатай, харьцангуй асуудал бодит амьдрал дээр байгаа учраас олон нийт Ц.Гарамжав гишүүнтэй холбогдох мэдээллийг гайхшран хүлээж авав.

Чухам эрх мэдэл, нөлөөлөх хүч байж гэмээнэ хувь хүнд ийм л ашигтай байна. Хувийн бизнесийн салбарт ашигтай ажилласаар ирсэн эрхэм гишүүн дөнгөж парламентад сонгогдсоныхоо дараа Төвбанкны ерөнхийлөгчид маш томоор нөлөөлж чаджээ. Ийн санаа амраад байтал намынх нь нөхөд Монголбанкны өмнөх асуудлыг ухах нэрээр өөрт нь хамаарах асуудлыг гаргаж ирсэн байна. Тэрбээр дахин УИХ-ын дарга М.Энхболдод нөлөөлж, мэдээллийг сэмхэн дараад өнгөрөхийг хүсчээ.

Ийм хэмжээнд “сэргэлэнтэх” боломж энгийн иргэнд олдохгүй. Бүх зээл нь цэвэр арилжааны банкны үйл ажиллагааны зээлийн хатуу гэрээнд захирагдана. Нийгмийн дунд давхаргад эдийн засгийн хүндхэн ачаа ирж буй энэ үед гэр бүлүүд зээлээ төлөхийн төлөө л ажиллаж байна уу гэмээр зүтгэж байгаа нь өнөөдрийн үнэн юм. Тэдэнд ямар ч хөнгөлөлт, ар өврийн хаалга, зээлээ хэн нэгнээр хаалгах боломж байхгүй. Харин энэ боломж Ц.Гарамжав гишүүнд бол байна.

Ж.МЯДАГБАДАМ

garamjaw

ЭХ СУРВАЛЖ: http://www.medee.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0