АН: УУЛ УУРХАЙН НОГДОЛ АШГААР ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛНӨ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2017.07.03/ хуралдаанаараа иргэдийн зээл чөлөөлөх тухай, мөн Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл, сонгууль тойрсон үйл явдал зэргийг хэлэлцсэн байна. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдвол иргэдийн зээлийг чөлөөлөх ёстой гэсэн үүрэг өгсөн байна.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын тайлбараар бол бүлэг энэ талаар хуулийн төсөл санаачилна. Зээлийг чөлөөлөх эх үүсвэрийг уул уурхайн компаниудын ногдол ашгаас бий болгоно гэж үзэж байна.
Чөлөөлөгдөх зээлд тэтгэврийн зээл, малчны зээл, сургалтын зээл, цалингийн зээл хамрагдаж байна.
Монголбанкнаас мэдээлэл авахад улсын хэмжээнд 993 мянган иргэн дээрх төрлийн зээлтэй байгаа, нийт дүнгээрээ 5.8 их наяд төгрөгтэй тэнцэж буй аж. Өөрөөр хэлбэл, ипотек болон аж ахуйн нэгжүүдийн авсан зээл чөлөөлөлтөд хамрагдахгүй байхаар Ардчилсан намынхан тооцжээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ САЙЖРААГҮЙ
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь 2016 оны төсвийн гүйцэтгэл. УИХ-аар тус төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бүх бурууг Ардчилсан намд тохохыг оролдсон улс төр хийсэн гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодотголоо.
Энэ оны тавдугаар сарын статистик мэдээллийг 2016 оны зургадугаар сарын мэдээлэлтэй харьцуулахад эдийн засгийн үзүүлэлт сайжраагүй нь илүү тод харагдах аж. Тухайлбал, Монгол Улсын гадаад өр 2016 оны зургадугаар сард 22.5 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны тавдугаар сард 24.9 тэрбум ам.доллар болж, өссөн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оны зургадугаар сард 175 сая ам.доллар байсан бол 2017 оны тавдугаар сард -30.8 сая ам.доллар болж буурсан.
Инфляци 2016 оны зургадугаар сард 1.6 хувь байсан бол 2017 оны тавдугаар сард 3.7 хувь болж өссөн.
Долларын төгрөгтэй харилцах ханш 1964 байсан бол одоо 2414 төгрөгтэй тэнцэж байгаа.
Экспорт нэмэгдсэн нь нүүрс. Нүүрсний экспортоор энэ онд 789.3 сая ам.доллар олсон нь үнэ нь өссөнтэй холбоотой гэнэ.
Валютын нөөц өнгөрсөн оны зургадугаар сард 1.4 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 1.23 тэрбум ам.доллар байгаа нь 313 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга тодотголоо.
Сонгуульд саналаа өгөхгүй байх нь хууль бус уриалга
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандангийн хэлж байгаагаар бол сонгуульд саналаа өгөхгүй байх, цагаан хуудас өгөхийг уриалж буй нь хууль бус уриалга гэж мэдэгдлээ. Сүүлийн өдрүүдэд улс төрийн нам, иргэдийн зүгээс ийм их санаачлага олонтаа өрнүүлэх болсон нь буруу гэж үзэж байна.
Сонгууль зохион байгуулахад төсвөөс 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ бол 20 сургууль, цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө. Өөрөөр хэлбэл, дээрх санаачилга гаргаж байгаа нөхөд бол татвар төлөгчдийн хөрөнгийг үргүй зарцуулж, улс төрийг тогтворгүй байдалд уриалан дуудаж буй хууль бус ажиллагаа гэж мэдэгдэв. Иймээс энэ талаар шийдвэртэй алхам хийх ёстой гэж үзэн Ардчилсан намаас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хандан шаардлага хүргүүлж буй ажээ.
Г.ДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN