Хүний тархины үелзлэлээр нь нууц үгийг нь хулгайлах боломжтой
Хүний тархины үелзлэлээр нь нууц үг, пин код зэрэг чухал мэдээллийг нь хакерууд хулгайлах боломжтой гэдгийг судалгаагаар баталжээ. АНУ-ын Алабамагийн Их сургуулийн судалгааны баг, Калифорнийн их сургуулийн судлаачидтай хамтран electroencephalography (EEG) – хүний тархины үелзлэлийг илрүүлэх чихэвч бүтээж түүгээрээ хүмүүсийн тархинд дотор юу болж байдгийг судлан гаргажээ.
EEG-чихэвчний тусламжтайгаар хүний тархины доторх цахилгаан долгионыг мэдэрч түүнийгээ мэдээлэл болгон цуглуулдаг байна. Судлаачид компьютер тоглоомчдын тархины долгион, үелзлэлийг хянаж үзжээ. Компьютер тоглоом тоглолгүй завсарласан үед ч EEG чихэвч тэдний тархины үелзлийг хянаж нууц үгээр хамгаалагдсан бүхий л мэдээллийг авч болохуйц байгаа нь судалгааны дүнд тогтоогдсон байна. Судалгаанд оролцсон тоглоомчдоос 12-ийг нь сонгон EEG чихэвч зүүлгэн пин код, нууц үгээ бичихийг хүсчээ. Судлаачдын бүтээсэн алгоритм судалгаанд оролцсон 12 хүний тус бүрийн хийсэн пин код, нууц үгний 43.4 хувийг зөв илрүүлж чадсан бөгөөд 6 тэмдэгт бүхий нууц үгийг 37.3 хувьтайгаар илрүүлж байжээ.
“Шинээр гарч ирж буй техник, тоног төхөөрөмжүүд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд асар их боломжийг нээж өгч буй хэдий ч эргээд тэрхүү өндөр технологио ашиглан чухал ач холбогдолтой мэдээллийг олж авах, нууцлалын аюулгүй байдал алдагдахад хүргэж болохуйц байна” хэмээн судалгааг зохион байгуулагчдын нэг болох Нитеш Саксена хэлжээ.
Фейсбүүк компани”таны бодлыг шууд бичье” гэсэн уриатай шинэ технологи дээр ажиллаж байгаа. Энэ нь нууцлалаа хамгаалах тал дээр аюул учруулж болзошгүй байгаад санаа зовж буй хүмүүс нилээдгүй бий. Хүний тархины үелзлэл хэзээ ч худал дохио илгээдэггүй гэдэг бөгөөд энэ нь хамгийн аюултай байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN