21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Европийн холбоо, Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар боллоо

2017 оны 07 сарын 04 нд

             Бяслаг, автомашины эд анги зэрэг маргаантай асуудлаар Токио хотноо амжилттай тохиролцсоны ачаар Япон, Европын холбоо хоёр энэ долоо хоногийн эцсээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар боллоо. Токио хотноо хийсэн тохиролцоо албан бус хэдий ч уг тохиролцооны ард буй удирдагч нар долдугаар сарын 6-нд хэлэлцээр байгуулж чадна хэмээн албаны хүмүүс тайлбарлав.

            Уг тохиролцоо нь энэ долоо хоногт Хамбург хотноо чуулах G20-ийн уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын протекционизмыг эсэргүүцэх уур амьсгалд өрнөхийн дохио болж байна. Мөн бизнесийн ертөнцөд либерал хууль зүй үйлчилсээр байгааг харуулж, уг хууль зүйд захирагдахаас татгалзагсад чөлөөт худалдааны боломжоосоо хагацах аюултай боллоо.

           “Бараг шийдэгдсэн асуудал. Албаны хүмүүс ойрын өдрүүдэд нарийн ширийн зүйлсийг тодруулах төдий ажил үлдсэн” хэмээн Европын холбооны худалдааны комиссар Сесилиа Мальмстром тайлбарлав. “Чуулга уулзалтын үеэр удирдагчид санал нэгдэнэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байгаа” хэмээн хатагтай Мальмстром нэмж өгүүллээ.

            Харин Японы тал хянуур, болгоомжтой хандаж байна. “Ажил хэрэгт илт ахиц гарсан ч асуудал байсаар” хэмээн Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида үзэж байна. Яриа хэлэлцээг урагшлуулахын тулд Брюссельд биечлэн очихоор төлөвлөж буйгаа сайд тайлбарласан юм.

             Европын холбоо, Япон хоёр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар 2013 оноос хэлэлцэж эхэлсэн нь өнгөрсөн арванхоёрдугаар сард ажил хэрэг болохын даваан дээр түр тасалджээ.

             Уг тохиролцоо Япон автомашин, автомашины эд ангид тогтоосон Европын холбооны гаалийн татварыг цуцлах тул Toyota- гийн зах зээл өргөжиж, улмаар Brexit-ийн дараах Британийн авто үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварт сөрөг нөлөөлж болзошгүй.

Хариуд нь Японы хүнсний бүтээгдэхүүний татварыг цуцалж, Европын холбооны фермерүүд бяслаг, мах зэрэг барааг тус улсад экспортлох боломж сайжирна.

           “Ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ хэмээн найдаж буй багц тохиролцоонд гаалийн бараг бүх татварыг цуцалж байгаа нь асар их мөнгөний үнэ цэнэтэй” хэмээн хатагтай Мальмстром тайлбарлав. Тэрбээр “Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт гурав дахин нэмэгдэж, Европын холбооноос Японд гаргадаг нийт бүтээгдэхүүний хэмжээ 30 гаруй хувиар өснө” хэмээн өгүүлсэн юм.

            Санал нэгдсэн зүйлсийг хоёр талын аль алинийх нь “Удирдагч, сонгогч нар шалган нягтлах ёстой” тул багц санаачилга “Эцсийн байдлаар бэлэн болж амжаагүй”-г хатагтай анхааруулж байлаа.

            Бас нэг чухал сэдэв болох хөрөнгө оруулалт хамгаалах асуудлаар хоёр тал тохиролцож чадаагүй хэвээр. Японы хувьд хөрөнгө оруулалтын шүүхийн европ системийн нөхцөлийг хүлээн авахад хүндрэлтэй. Ийм хүндрэл Европын холбооноос Канадтай байгуулсан хэлэлцээрт ч хамаатай.

            Канадтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр нь өнгөрсөн онд нурах дөхсөн Европын холбооны хувьд Японтой тогтоох шинэ түншлэл нь тус холбоо гадаад худалдаанд түлхэц өгч чадах тохиролцоо байгуулах чадвартайг харуулсан хэрэг болох юм. Дотооддоо эдийн засгийн шинэчлэл өрнүүлж буй Японы хувьд уг тохиролцоо нь 12 гишүүнт Транс-Номхон далайн худалдааны түншлэлийг орлоно. Ноён Трамп АНУ-ыг татан гаргаснаас шалтгаалан Транс-Номхон далайн түншлэл хэрэгжих найдваргүй болоод байна.

             Шинэ тохиролцоо нь “Европын холбоо, Япон хоёр чөлөөт худалдааны ирээдүйд итгэсээр байгааг дэлхий дахинд харуулж өгнө. Бидний хувьд хана босгох, протекционизмыг дэмжих нь байж болшгүй зүйл” хэмээн хатагтай Мальмстром мэдэгдлээ.

Робин Хардинг



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0