21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэжээ

2017 оны 07 сарын 04 нд

              Өнөөдөр гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өгч байгаа. Санал хураалт маргааш мөн үргэлжилнэ. Өчигдөр СЕХ-ны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийсэн.

             Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Зарим улс төрийн хүчин сонгогчдод нөлөөлөх гэж оролдож байгаа нь бүтэхгүй, хууль бус оролдлого" хэмээн анхааруулсан.

             МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол хоёр нэр дэвшигчийн хэнийг нь ч дэмжихгүй байх эрхээ эдлэхийг дэмжигчдэдээ уриалсан билээ.

             Тэгвэл Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек “Зарим хэсгийн санал хураалтын дүн мэдээ хоцорсон нь зарим хэсгийн алслагдсан байршил, сүлжээ муу ажиллаж байсан зэргээс шалтгаалсан” гэж мэдээлсэн билээ.

             Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Мөн хоёр дахь санал хураалтын дүнг хуульд заасны дагуу сонгуулийн төв байгууллагад нэн даруй дамжуулж хүргүүлэх үүргийг бүх аймаг, нийслэлийн дүүргийн сонгуулийн хороодод өгчээ.

             Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт хүчин төгөлдөр болоход сонгогчдын ирц чухал. Эхний санал хураалтад залуучуудын оролцоо муу байсныг Европын Парламентын ажиглагчид онцолж байлаа.

             ОУВС-гийн хөтөлбөр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал зэрэг эдийн засаг, улс төрийн чухал сэдвүүд хөндөгдөж байгаа үед болж байгаагаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль онцлогтой.

             Төрийн тэргүүнээ ардчилсан зарчмаар сонгосоор ирсэн 24 жилийн түүхэнд анх удаа ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явуулж байна.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0