21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Монгол Улсын эдийн засгийн сонголт!!!

2017 оны 07 сарын 06 нд

 

      Дэлхийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл болох “Уол Стрит Журнал” сэтгүүл Монголд болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийг эдийн засгийн аюулын ирмэг дээр авчирсан хэмээн  тодотгон бичжээ. William Bikales бичсэн тоймыг товчлон хүргэж байна. Монгол Улсын эдийн засгийн хүнд хэцүү байдлыг аливаа популист амлалт улам доройтуулна гэдгийг тэрбээр сануулжээ. 

       Монголчууд баасан гарагт тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Сонгогчид санал өгөхөөр ирэхдээ энэ хоёр нэр дэвшигчийн хэн нь улс орноо өр зээлийн хамаарлаас түргэн салгах бол гэсэн шалгуурыг илүүд үзэх биз.  

      Энэхүү сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар нэр дэвшээд байгаа. Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд “Загалсайлсан эцэг” киноны  “Женко”-гоор нэрлэсэн компаниийн үүсгэн байгуулагч, тус улсын томоохон бизнесмэнүүдийн нэг бөгөөд тэрбээр Монголын эдийн засаг дахь Хятадын нөлөө болон ОУВС-ийн хөтөлбөрийг  тууштай шүүмжлэгч юм.

        Харин М.Энхболдыг улс орны нөхцөл байдлын тогтвортой байдлыг хадгалагч хэмээн  харж байгаа бөгөөд тэр нийслэлийн дарга байхаасаа олонд танигдаж, хотод олон шинэ барилга байшин баригдсан аж. Гэсэн хэдий ч тэр өнгөрсөн санал хураалтаар нийслэлийн сонгогчдын олонхийн санал авч чадалгүй хоёроор гарч ирсэн юм.   

       Нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогдсон бай ялгаагүй,  энэ улсын даргаасаа малчнаа хүртэл  өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өндөр хүүтэй зээлийн дарамтын одоогийн бодит үнэнтэй нүүр тулгарах болно.  Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улс евробондын 580 сая ам.долларын хугацаа тулсан өрийнхээ ард арай гэж гарсан. Харин ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдснаар  нийт дүнгээрээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн багц одоогоор энэ улсын хувьд нээлттэй болоод байгаа юм.

        Энэхүү зээлийг төсвийн алдагдлыг нөхөх,  энэ жил 10.4 хувиар төлөвлөгдсөн ДНБ-ий өртөг зардлыг бууруулах,  ирэх жилүүдэд хүлээгдэж байгаа гадаад валютын бондыг дахин санхүүжүүлэх зэргээр ашиглахаар тооцжээ. Гэлээ ч эдгээр нь төлбөрийн чадварын суурь асуудлыг шийдэж чадахгүй.

      ОУВС-ийн нээсэн зээлийн багцаас гадна тус улс зээлийн өөр хямд хүүтэй эх үүсвэр хайж байгаа бөгөөд Энэтхэг Улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал яригдаж буй. Түүнчлэн дотоодын өндөр хүүтэй зээлийн багцыг үргэлжлүүлэн гаргас ан хэвээр байна. Сүүлийн хоёр сард гэхэд 250 сая ам.доллараас илүү үнэ бүхий 12 долоо хоногтойгоос 3 жилийн хугацаатай дотоодын бондыг гаргаад байна. Эдгээр бонд нь 13 хувийн жигнэсэн дундаж хүүтэй юм.  ОУВС-тай байгуулсан шинэ гэрээ хэлцэл болон санхүүгийн өөдрөг төсөөллөөс үл хамааран арилжааны зах зээлд гаргасан бондууд нь хэдийнэ төлөвшиж тогтсон байх учиртай. Хэрэв улс орны удирдагч нь асуудлын үндсийг тодорхойлдоггүй гэвэл энэ хэв загвар цаашид ч үргэлжлэх болно.

       Одоогоос таван жилийн өмнө “Minegolia”-ийн эдийн засгийн жилийн өсөлт 17 хувь хүрч байсан нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихээр татах нэг нөхцөл  болж байв. Ялангуяа уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын  хүчтэй урсгал үйлчилгээ, өмч санхүү, технологийн салбаруудыг дэмжиж тэтгэж байсан юм.  Монгол орны зэс, нүүрс, төмөр, алт, уран, газрын тос болон  бусад байгалийн асар их нөөц тус улсын өмнөд хилийн ойролцоо, Хятадтай хаяа зэрэгцэн байрладаг бөгөөд Монголыг “Азийн Дубай” хэмээн нэрлэж байв. 

        Харамсалтай нь үүнээс хойш энэ улсад “Баялгийн хараал” нүүрлэсэн. Монголд энэ нь валютын ханшийг хэт дээгүүр үнэлэх, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсан цикл үеийн хандлага гэхээсээ илүүтэй эдийн засгийн бодлогын ноцтой алдааны уналт байсан юм.

      2011 оноос 2016 он хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалт 4,5 тэрбум ам.доллараас бараг 00 хүртлээ унасан бөгөөд  ДНБ-ий 24.1 хувьтай тэнцэж байсан гадаад өрийн хэмжээ нь  90 хувь болтлоо өссөн байна.  Харин одоо энэ өрийн хэмжээ 2020 он гэхэд ДНБ-ий 118 хувьд хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн энэ хугацаанд хувийн хэвшлийн салбарынхны өр “дэлбэрч”, зээлийн хүүгийн түвшин өндөр болжээ. Үүнтэй зэрэгцээд  дотоодын зээлийн хэмжээ  350 хувиар өсч, иргэдэд олгосон зээл 20 дахин өссөн байна. Монголын нийт өрхүүдийн тэн хагасаас илүү хувь нь банкны зээлийн үлдэгдэлтэй, жилийн дундаж хүүгийн хэмжээ 20% -иас дээш байгаа юм. Одоогоор энэ улсад инфляци 3%-тай байгаа гэсэн дүн мэдээ байна.

        ОУВС-ийн  өрийн тогтвортой байдлын 2015 оны эхээр  хийсэн дүн шинжилгээгээр Монгол улсыг өрийн хямралын ихээхэн эрсдэлтэй гэж дүгнэсэн. Гэхдээ тухайн үеийн Засгийн газар макро эдийн засгийн бодлогыг чангатгах ОУВС-гийн зөвлөгөөг үл тоомсорлосон билээ. 2015 болон 2016 онд бэлэн мөнгө тараах  болон цалингийн өсөлт, гадаад, дотоод зээлээр санхүүжигддэг том хэмжээний хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол Улс төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ний 20% -д хүрсэн байх .

      Байдал хэдий ийм байгаа ч өнгөрсөн жилийн зунаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн МАН-ын Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахад зарим нэг ахиц дэвшлийг гаргаж чадлаа. Гэхдээ ОУВС-гийн хэлэлцээрт тусгагдсан зарим төрлийн татварын нэмэгдэл болон зардлыг бууруулж байгаа нь эдийн засагт нүүрлээд буй үндсэн чиг хандлагыг өөрчилж чадахгүй л болов уу. Харин нийгмийн нэн чухал хөтөлбөрүүдэд чиглэсэн хөнгөлөлтүүд нь нийгэм, улс төрийн эрсдэлийг тогтвортой байлгах боломж олгох байх.

        Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал боловч бодлогод нөлөөлж бас чадна.  Баасан гарагт  нэр дэвшигчдийн хэн нь ч яллаа гэсэн улс орныхоо өрийн хямралыг даван туулах, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгаж нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна.

       Хамгийн наад зах нь сонгогдсон ерөнхийлөгч Хиппократэсийн  хэлсэнчлэн "Юуны өмнө, ямар ч хор хохирол учруулахгүй" гэсэн сануулгыг дагаж, хямралын магадлалыг улам бүр нэмэгдүүлдэг аливаа популист үйл ажиллагааг дэмжихгүй байх ёстой.

Эх сурвалж: https://www.wsj.com/articles/mongolias-economic-choice-1499186721



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0