СУРВАЛЖИЛГА:Өнөөдрийн мэдээлэлтэй золгоход, өчигдөр уншсандаа итгэхийн аргагүй болж байна
Маргааш МУ-ын ерөнхийлөгчийг сонгох 7 дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт явагдана. Энэ цаг үед бид иргэд сонгогчдоос сонгууль болоод санал хураалттай холбоотой сэтгэгдэлийг нь сонсохоор хот дотор сурвалжилганд гарсан юм.
Дорнод аймгийн Иргэн О.Жуков: Би Дорнод аймгаас аялалаар явж байна. Хөвсгөл яваад ирлээ. Сонгуулийн тухайд хэлэх юм алга. Саналаа өгөх нь өгсөн одоо харин дахин өгч чадахгүй. 2017-оны 06 сарын 26-нд саналаа өгчихөөд гарсан. Дахин санал хураах болсон тухай замдаа сонссон. Энэ намуудын дунд худал үнэн мэдэгдэхгүй мэдээлэл их тарах юм байна шүү дээ. Харин нэр дэвшигчдийг сольвол арай өөр сонголттой болж магадгүй.
С.Даваасүрэн: Одоо хүмүүсийн ихэнх нь саналаа өгч чадахгүй байхаа. Бүгд амарч, аялаад ийш тийшээ явсан байна. Хөвсгөлд маш олон хүн амарч байна. Тэд маргааш хотод ирж саналаа өгнө гэж байхгүй шүү дээ. Дахиад саналын тоо нь хүрэлцэхгүй л болох байх даа.
Иргэн Б.Бадраххүү: Дахин санал хураалтын тухайд нэр дэвшигчдийн санал хэн хэнийх нь 50 хувьдаа хүрээгүй учраас яалт ч үгүй дахин санал хураалт болж байна. Харин энэ удаад санал 50 хувьд хүрэх байх. Өмнөх дүнг сонсоод хүмүүсийн ухамсар арай өөр болсон байх. Ард түмэн үнэн дүнгээ тавьсан.
Зарим иргэдийн дунд цагаан хуудас өгөх тухай их яригдаж байна. Өмнөх санал хураалтаар18 мянган хуудас цагаан байсан гээд хоёр талтай л юм яриад байна. Үүнийг угаасаа хуульчилсан байгаа шүү дээ. Нэр дэвшигчдээс хэн нь ч таалагдаагүй бол саналын хуудсыг цагаанаар өгсөнийг нь санал өгсөнд тооцох ёстой. Гэтэл саяын сонгууль дээр нугалаа гаргаж, буруу тайлбарлаад байгаа юм. Төр түмэн нүдтэй. Үнэхээр юманд туйлширахгүй, ул суурьтай бодоод хувь хүн өөрийнхөө зүгээс сонголтоо хийх хэрэгтэй. Сонголтоо хийсэн нь дээр шүү дээ. Цагаан хуудас явууллаа гээд хэн хохирох юм бэ, иргэд өөрөө л хохирно.
Мэдээллийн дайн маш аймшигтай явагдаж байна. Хар Пи ар их. Өнөөдрийн мэдээлэлтэй золгоход өчигдөр уншсандаа итгэхийн аргагүй болж байна шүү дээ.
Энэ хэдэн жилийн турш яг хувь хүн өөрөө тодорхой мэдээлэлтэй, энэ улс оронд юу болоод байгааг харж байснаараа өөрсдийн дүгнэлтээ гаргаж сонголтоо хийнэ үү гэхээс өнөөдрийн өнгөцхөн мэдээлэлд тулгуурлаж сонголт хийх арга алга.
Иргэн Б.Мөнхдөл: Бидний гол бухимдал бол СЕХ сонгуулийн тухай хуулийг олон нийтэд хүргэхгүй байгаа явдал юм. Өмнөх санал хураалтаас долоо хоногийн өмнө "Цагаан сонголт" хийж болдог юм байна гэсэн хуулийн заалтыг мэдэж авсан. 2015 онд батлагдсан хууль байдаг юм байна. Сонсогч саналаа өгөхдөө нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй байх хуулийн заалт байдаг гэдгийг сонгогчдийн дийлэнх нь мэдэхүй байна шүү дээ. Тиймээс бид иргэдэд ийм эрх байгаа шүү гэдгийг л ойлгуулах гэсэн юм.
Иргэн Р.Нацагдорж: Дахин саналт хураалт зохион байгуулахад зардал их гарч байгаа шүү дээ. Ядуу ядуу гэчихээд дахин дахин зардал гаргаж байна. Эрх баригчид хуулиа өөрсөддөө тааруулчихаад ийм юм хийх юм. Хэрэв ялагдчихвал дахиад л юм хийнэ. Ялвал дахиад л өөрсдийнхөөрөө явах тийм бодолтой л хуулиа батлаад байх шиг байна. Ард түмэн тэгж л бодоод байгаа. Миний бодол ч ийм байна. Би саналаа өгсөн, одоо ч өгнө, иргэнийхээ эрхийг эдлэж, үүргээ ч биелүүлнэ.
Хууль бол ард түмэнд үйлчлэхгүй болчихоод байна. Би зураг авдаг хүн. Гудамжаар яваад зүгээр л зураг авч байхад том дарга нар таарвал бас л зураг авах гэхээр тэднийг дагалдан явагч нөхдүүд “-Та юун хүн билээ?” гээд аппратны нүүр хаагаад, дагаж яваад байх юм. Ер нь манай монголчууд жирийн хүнд их дээрэлхүү, даргад долигнуур болжээ. Гэтэл тэр хүнээ дарга байхад нь хэт долигоноод, тэтгэвэртээ гарлаа гэхэд нь хэн ч биш болгодог. Албан тушаалд дуртай, “Би би” гэсэн хүмүүс л олширчээ.
Биднийг хүүхэд байхад хүмүүс “Бид” гэсэн ойлголттой амьдарч байсан бол одоо үеийнхэн “Би”-гээр өвчлөх болсон байна. Би л болж байвал бусад нь хамаагүй гэж үздэг.
Би залуучуудад “Та нар саналаа өг. Нэг удаа олдож байгаа боломжоо ашигла” гэж хэлдэг. Хэвлэл мэдээлэлд ч итгэхийн арга алга. Нэг телевизээр нэг өдөр, нэг юмыг гурван өөрөөр яриад байх юм. Түүнчлэн хүмүүс өөрсдийн үзэж хараагүй юмаа үзсэн юм шиг цааш ярих байдал ажиглагдах боллоо.
Иргэн Э.Шинэхүү: Анх удаа саналаа өгөх гэж байна. 6-р сарын 26-нд санал өгөөгүй. Харин энэ удаа гадаадаас зорьж ирсэн. Гэхдээ би нэр дэвшигдийг хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэхгүй. Тиймээс гэр бүлийнхнээ л дагана шүү дээ. Цахим хуудсуудаар яваад байгаа сонин сонин мэдээллүүдийг үзсэн ч надад нэр дэвшигчдийн талаар ямар ч ойлголт байхгүй, бодит мэдээлэл алга байна. Харин анх удаа санал өгнө гэж бодохоор сайхан байна. Миний саналаа өгсөн хүн гарвал их гоё санагдах байх аа.
Иргэн Г.Ууган-Эрдэнэ: Би хотын харьяалалтай. Өмнө нь хөдөө байсан болохоор саналаа өгөөгүй. Одоо харин дахин санал хураалтанд оролцоно гэж бодож байгаа. Гэхдээ хөдөөнийхөн ерөнхийдөө саналаа маш муу өгсөн. Би Дорноговь аймагт байсан. Сонгуулийн талаарх мэдээ мэдээлэл хөдөө орон нутагт маш муу байдгаас болсон байх л даа. Хэн яах гээд, ямар үйл ажиллагаа явуулаад байгааг мэдэхгүй юм чинь яаж ч санал өгөх юм. Одоо ч гэсэн би сонголтоо бүрэн хийгээгүй хэнд, аль намын хүнийг дэмжиж санал өгөхөө ч мэдэхгүй л явж байна. Гэхдээ л саналаа өгнө.
Иргэн Б.Сувдаа: Өмнө нь саналаа өгсөн, маргааш ч өгнө. Би хувьдаа сонгуульд саналаа өгөхийг ажил болгож боддоггүй. Үзэл бодолдоо үнэнч байж саналаа өгөх ёстой л гэж боддог. Дахин санал хураалт явуулж байгаа зардал нь ард түмний татварын мөнгө учраас ирц бүрдэхгүй байх нь улсад хохиролтой юм. Улсын төсөвт нөлөөлж байгаа гэдэг утгаараа дахин санал хураалт учир дутагдалтай санагдаж байна. Би нэгэнт сонголтоо хийсэн тул энэ цагт янз бүрийн мэдээлэлд автдаггүй. Эсрэг намуудаас нь бие биенээ дайрсан хар мэдээ гаргадаг ч тэр нь үзэл бодолдоо үнэнч хүмүүст нөлөөлж чадахгүй гэж ойлгодог. Харин бодит мэдээлэл тэр бүр иргэдэд хүрэхгүй байгааг л анзаарч байна.
Иргэн Г.Номин-Эрдэнэ: Сонгуульд санал өгөх нь иргэн хүний үүрэг. Хүмүүс өөрсдийнхөө эрхийн тухай маш их ярьдаг ч үүргээ ухамсарлахгүй байна. Тэр тусмаа 18-25 насны бидний үеийн залуучуудыг уриалъя. Та нар нэг өдөр цаг зав гаргаач ээ, улс саналаа өг гээд ажилтай иргэдийг бүтэн өдөр амрааж байна шүү дээ.
WWW.AYANGA.MN
Сурвалжилсан: Сэтгүүлч Т.Гүндсамба
Фото сурвалжлагч: Л.Баасансүрэн