ФОТО: Дахин санал хураалт эхэллээ
Өнөөдөр 07:00 цагаас орон даяар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван намын нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй учраас хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулахаар болсон билээ.
Тус сонгуулиар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал буюу 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал буюу 38.11 хувийн санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авсан юм. Өөрөөр хэлбэл, “Монгол ялна” уриатай Х.Баттулга хамгийн өндөр санал авсан бол “Эвтэй Монгол” уриатай М.Энхболд удаалснаар АН, МАН-ын хооронд дахин санал хураалт явагдаж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс 14 тэрбум төгрөг зарцуулсан бол дахин санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр “Хоёр нэр дэвшигчийн аль нэг нь олонхийн санал авч байж Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Үндсэн хуульд энэ талаар маш тодорхой заасан. Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ гэж заасан.
Сонгуульд оролцоно гэдэг нь сонгогч бүртгүүлээд саналын хуудас авч саналаа өгөхийг хэлнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн мөртлөө саналаа өгөөгүй хүнийг сонгуульд оролцож саналаа өгсөн гэж үзэхгүй. Тэгэхээр нэр дэвшигч нь сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авч байж сонгогдоно гэж ойлгож болно. Олонхи гэдгийг тавин хувь дээр нэмэх нь нэг санал гэж ойлгоно” гэсэн юм.
Ирцийн тухайд “Сонгуулийн тухай хуульд тавин хувь гэсэн заалт бий. Тухайлбал, сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулахаар хуульчилсан. Гэхдээ нэмэлт санал хураалтыг зөвхөн 50 хувь нь хүрээгүй хэсэгт л явуулна.
Санал хураалтад оролцоогүй сонгогчид л нэмэлт санал хураалтад оролцоно. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана” гэсэн тайлбарыг өгсөн.
Өнөөдөр бүх нийтээрээ амрах бөгөөд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн архи, согтууруулах ундаа зарахыг хориглож байгаа юм.
Ж.МАРАЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
ЭХ СУРВАЛЖ:WWW.MEDEE.MN