Төв аймаг болон Хархорин суманд санал тоолох хар машин ажиллахгүй байна
НЭМЭЛТ: 12:18 ЦАГ Орон нутагт сонгуулийн санал тоолох хар машин ажиллахгүй байна гэсэн гомдол гарсаар байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд санал тоолох хар машин цахилгааны доголдлын улмаас түр ажиллахгүй болсон гэх мэдээллийг тус аймгийн Сонгуулийн хорооноос өглөө. Одоо Хужирт сумаас мэдээллийн технологийн багийнхан очиж, гэмтэлийг засварлахаар гарсан гэлээ.
Төв аймгийн санал тоолох хар машин ажиллахгүй байгаа талаар тус аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Энэ талаар Төв аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Энхжаргал “Өглөө санал хураалт эхэлснээс хойш санал тоолох хар машин ажиллахгүй байгаа.
Одоо сонгогчдын саналыг гар ажиллагаанд оруулах журмын дагуу битүүмжилсэн хайрцганд авч байна. Сонгуулийн Ерөнхий хороо болон мэдээлэл, технологийн шуурхай баг ажиллаж, санал тоолох машиныг ажиллагаанд оруулахаар ажиллаж байна” гэлээ. Энэ талаар СЕХ “Шуурхай баг ажиллаж байна. Энэ талаар 13:00 цагт мэдээлэл өгнө” гэсэн юм. Төв аймагт нийт 84 хэсэгт санал хурааж байгаа аж.
Ж.ГАНАА
Medee.mn