21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ДАХИН СОНГУУЛИАР Н.ЭНХБАЯРТ БОЛОМЖ ОЛДОХГҮЙ

2017 оны 07 сарын 07 нд

Дахин сонгуулиар Н.Энхбаярт боломж олдохгүй

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр болж буй. Хоёр дахь шатны санал хураалт ирц хүрэхгүй байх, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авахгүй байх вий гэсэн болгоомжлол бий. Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.

      -Хоёр дахь шатны санал хураалтад оролцсон хоёр нэр дэвшигчийн хамгийн өндөр санал авсан нь Ерөнхийлөгчөөр шууд сонгогдоно гэж тайлбарлах хүмүүс байна. Гэвч 50 хувиас дээш санал авч байж Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэж тайлбарлах хүмүүс ч байна. Хуулийн зохицуулалтыг нь та тайлбарлаж өгнө үү?

      -Одоогийн хуулиар төдийгүй Үндсэн хуулийн зохицуулалтаар бол хоёр нэр дэвшигчийн хэн нь ч дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авч чадаагүй бол Сонгуулдахин сонгууль зохион байгуулах шаардлага гарна. Энгийнээр тайлбарлавал, А нэр дэвшигч нийт саналын 45 хувь, Б нэр дэвшигч нийт саналын 47 хувь, үлдсэн 8 хувь нь алийг нь ч дэмжээгүй хоосон хуудас өглөө гэж бодъё. Ийм дүн гарвал хэн нь ч Үндсэн хуулийн шаардлагыг хангахгүй. 47 хувь буюу хамгийн олон санал авсан Б нэр дэвшигч Ерөнхийлөгч болох эрхгүй гэсэн үг. Учир нь Үндсэн хуулийн 31.5-ын хоёр дахь өгүүлбэрт “Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэсэн байгаа. Нийт сонгогчдын олонхын санал гэдэг бол санал хураалтад оролцсон сонгогчдын 50-иас дээш хувийн санал авахыг хэлнэ. Хамгийн олон санал авсан хүн Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн үг биш. Хэн нэгэн нэр дэвшигч 49.9 хувийн санал авсан ч Ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй. Дахин санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол уг сонгуулийг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно. Ийнхүү хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана. Гэвч, УИХ 30 хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлах давхардсан заалт бас бий.

       -Хэрэв ирц хүрэхгүй бол сонгууль хүчингүй болно гэж тайлбарлаад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

      -Ерөнхийлөгч бол Монголын ард түмнийг төлөөлж байгаа, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч тул аль болох олонх сонгогчдын саналаар дэмжигдсэн хүнийг Ерөнхийлөгчөөр сонгохыг хичээх хэрэгтэй. Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн 106.1-т “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан.

         Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийг нийт сонгогчид сонгодог тул улсын нутаг дэвсгэр бүхэлдээ нэг тойрогт хамаарч, 7-р сарын 7-нд дахин санал хураалтаар нийт сонгогчдын талаас илүү хувь дахин санал хураалтад оролцоогүй бол дээрх заалтын дагуу нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаснаас хойш долоо хоногийн дотор явуулна. Энэ тохиолдолд дахин санал хураалтад оролцсон хүмүүс дахиж санал өгөхгүй, харин санал өгөөгүй хүмүүсийг оролцуулна. Тэгээд дахин санал хураалтад оролцсон сонгогчдын санал дээр нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын саналыг нэмж санал хураалтын нэгдсэн дүнг гаргана. Нэмэлт санал хураалт зохион байгуулсны дараа ирц хүрсэн ч бай, үгүй ч бай сонгуулийн дүнг гаргана.

       Нийт сонгогчдын 50-иас дээш хувийн ирцийн босготой, нэмэлт санал хураалтын дараа ийм босгонд хүрэхгүй бол сонгуулийг хүчингүй болгож дахин сонгууль явуулна гэсэн ташаа дүгнэлтийг зарим хүмүүс гаргасан байна лээ. Нэмэлт санал хураалт явуулсны дараа энэ ирц хүрэхгүй бол дахин сонгууль явуулах талаар хуулийн тодорхой заалт байхгүйгээс гадна зарчмын хувьд анхаарах гурван үндэслэл байна. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалт, нэмэлт санал хураалтын дараа ирц хүрэхгүй бол сонгуулийг хүчингүй болговол олонхийн зарчим хэрэгжихэд төвөгтэй байдал үүснэ. Олонхийн биш цөөнхийн талд асуудал шийддэг болно. Үндсэн хуулийн 1.2-т заасан ардчилсан ёсны гол утга нь иргэдийн болон иргэдийн төлөөлөгчдийн байгууллагын олонхийн саналаар тухайн асуудыг шийдвэрлэх. Жишээ татаад үзье, А, Б, В гэсэн гурван нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд эхний санал хураалтад аль нь ч нийт сонгогчийн олонхийн санал аваагүй. Харин А, Б хоёр хамгийн олон санал авсан гэж бодъё. Дахин санал хураалт хийхэд үүнд нийт сонгогчдын 40 хувь нь санал өгөхгүй, оролцохгүй гэж төсөөлье. Харин 40 хувь нь А нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Үлдсэн 20 хувь нь Б нэр дэвшигчийг дэмжиж байгаа.

       Энэ тохиолдолд дахин болон нэмэлт санал хураалтаар тавиас дээш хувийн ирцийг заавал хангана гэсэн босго тавьчихсан гэж бодъё. Сонгуульд ирэхгүй 40 хувь угаасаа тооцогдохгүй. А нэр дэвшигчийг дэмжих 40 хувь оролцоно, харин Б нэр дэвшигчийг дэмжих 20 хувь оролцохгүй байх замаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах нөхцөл үүсэж болох юм. Эсвэл, эхний санал хураалтад оролцоод ялагдсан В нэр дэвшигч сонгуульд оролцохгүй байхыг уриалах замаар тавиас дээш хувийн ирцийн босгыг явцуу сонирхлынхоо төлөө урвуулан ашиглах эрсдэлтэй. Түүнчлэн, нэмэлт санал хураалтын дараа ирц хүрсэнгүй гээд энэ сонгуулийг хүчингүй болговол дахин сонгуулиар ч гэсэн ирц хүрэхгүй бол яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Иргэд сонгуульд оролцох эрхтэй ч мөн сонгуульд заавал оролцох хууль зүйн үүрэг байхгүй. Иймд, хэд хэдэн сонгууль хийсэн ч ирц хүрэхгүй байгаад байвал Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж, дараагийн Ерөнхийлөгчөө сонгож чадахгүй болж замбараагүй байдал үүсэх боломжтой.

        Түүнээс гадна, нийт хоёр сая орчим сонгогчийн нэг сая хүрэхгүй буюу талаас арай багахан нь, жишээлбэл нийт 900 мянган сонгогч саналаа өгчээ гэж бодъё. Эдгээр сонгогчийн 800 мянга нь А нэр дэвшигчийг дэмжсэн байхад тавиас дээш хувийн ирцээс болоод А нэр дэвшигчийг сонгохгүй байх нь ардчилсан ёсны эсрэг болчихно. Нэг саяас дээш хүн санал хураалтад оролцсон байсан ч ийм олон санал авсан А нэр дэвшигч Ерөнхийлөгч болох магадлал өндөр. Олонхийн санал авсан нэр дэвшигчийг ирцээс болоод сонгохгүй байх нь өөрөө Үндсэн хуулийн үзэл баримтлалд харш. Монгол Улс шиг Ерөнхийлөгчөө ард түмнээсээ шууд сонгодог улсууд дотор ирцийн босго тавьж, түүнийг даваагүй бол сонгуулийг хүчингүй болгодог улс олж хараагүй.

      -Хоёр дахь санал хураалтад М.Энхболд, Х.Баттулга эсвэл цагаан сонголт хийх ёстой гэсэн уриалга маш их гарч байна. Ээлжит сонгуулиар ч гэсэн 18 мянга орчим сонгогч цагаан сонголт хийсэн байсан. Үүнийг та юу гэж дүгнэв?

        -Франц, Испани зэрэг ардчилсан улсуудад 1960-аад оноос хойш саналын хуудсыг бөглөхгүй, хоосон уншуулах нь ихсэж байгаа юм байна. Монголд ч адилхан Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад хоосон хуудас өгсөн сонгогчийн тоо өссөн байна. 2013 оны зургадугаар сарын 28-ны өдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 13,688 сонгогч буюу нийт сонгогчийн 1.1 хувь “Санал огт тэмдэглээгүй саналын хуудас” өгч байсан бол энэ оны зургадугаар сарын 26-ны өдрийн санал хураалтад урьдчилсан дүнгээр 18,663 сонгогч Сонгуулийн тухай хуулийн 97.9, 99.2-т заасан эрхээ эдэлж ийм хоосон хуудас өгчээ. Дахин санал хураалтаар үүнээс илүү олон сонгогч хоосон хуудас өгөх болов уу. Хоосон хуудас бол одоогийн улс төрчид, авлига, ашиг сонирхлын зөрчил зэргийг эсэргүүцэж буй маш том дохио. Өөрөөр хэлбэл жагсаал, цуглаан, суулт хийхтэй адил хоосон саналын хуудас нь иргэний эсэргүүцэлд тооцогддог. Энэ хүмүүс ардчиллыг эсэргүүцээгүй. Тийм ч учраас өөрсдөө очиж саналаа өгч байгаа. Гол нь гурван намаас санал болгож буй нэр дэвшигчид, мөрийн хөтөлбөрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж буй хэлбэр юм.

        Одоо байгаа намууд энэ дуутай дохиог сонсож, дүгнэлт хийх ёстой. Намууд шинэчлэгдэхгүй бол яаж ч сайхан амлалт, гоё үг хэлээд иргэдийн дэмжлэгийг авахгүй болно. Хоосон саналын хуудас өгөх санаачилга анх жирийн иргэдээс гарсан боловч сүүлдээ улс төрчид явцуу сонирхолдоо ашиглаж эхэлж байгаа нь харамсалтай. Ялангуяа нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн эхний санал хураалтад хамгийн цөөн санал авч ялагдчихаад 6 дугаар сарын 26-нд хоосон саналын хуудас өгсөн иргэдийн нэрийг барьж ийм хуудас өгөхийг уриалж байна.

        Цаашид цөөхөн хувийн сонгогчийн саналаас болж сонгууль хэд дахиж сонгогчдын олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгож чадахгүй болох вий дээ. Бангладеш, Энэтхэг, Колумб зэрэг зарим улсууд хоосон саналын хуудас өгөхийг албан ёсоор зөвшөөрч байгаа боловч тэр нь тухайн сонгуулийг хүчингүй болгодог улс ховор байгаа юм. Тухайлбал, Колумб улсад хоосон хуудас олонх болбол дахин сонгууль явуулж, шинэ нэр дэвшигчдийг нэр дэвшүүлдэг ажээ. Гэхдээ тус улсад хоосон хуудас өгсөн цөөн сонгогчийн хүссэнээр сонгуулиа хүчингүй болгоод байдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд хоосон хуудсыг хориглож болохгүй ч сонгууль болоод өнгөрсний дараа энэ талаарх нарийвчилсан зохицуулалтыг эргэж харах хэрэг гарахыг үгүйсгэхгүй.

       -Дахин сонгууль болохоор бол МАН, АН, МАХН ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдээ солино. Харин дахин сонгууль МАХН-ын дарга Н.Энхбаярт “ашигтай” гэх хүмүүс байна. Түүний хувьд өмнө нь бүртгүүлэх гэсэн боловч хуулийн дагуу түдгэлзүүлсэн шүү дээ?

       -Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй гэж Сонгуулийн тухай хуулийн 13.2-т заасан байдаг. Сонгогчдын олонх эхний удаагийн нэр дэвшигчдийг дэмжээгүй тул тэдний энэ сонголтыг хүндэтгэх үүднээс тухайн сонгуульд нэг хүнийг дахин нэр дэвшүүлэхийг хориглодог. Иймд, дахин сонгууль болохоор бол гурван нам гурвуулаа өөр өөр хүмүүс нэр дэвшүүлэх ёстой. МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн ч Сонгуулийн хуулийн дагуу 'Хил хамгаалах албаны тодорхойлолт ирүүлээгүй”, “ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй”, “тасралтгүй 13 сар 25 хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгээгүй. Долдугаар сарын 1-ээс шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Н.Энхбаярын ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа үйлчлэхгүй болсон.

      Тиймээс нэр дэвших боломжтой гэж тайлбарлах хүмүүс байна. Гэвч, нэр дэвшигчээр бүртгэхгүй байх өөр нэг шалтгаан нь арилаагүй. Тодруулбал, Үндсэн хуулийн 30.2-т зааснаар Ерөнхийлөгчөөр сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг сонгодог. Сонгуулийн тухай хуулийн 139.5-ийн дагуу эх орондоо байнга оршин суугаагүй гэдэг нь анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар эх орондоо байгаагүй хүнийг хэлдэг. Ийм зохицуулалт өмнөх буюу 1993, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудад ч байсан.

        Тэгэхээр ийм зохицуулалт зөвхөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт зориулагдаж гараагүй. Энэ кейс үүсэхээс өмнө олон жилийн турш энэ тухай хуульчлагдсан байж. Н.Энхбаярыг 2013 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны аравдугаар сарын 9-ний өдрийн хооронд Монгол Улсад оршин суугаагүй тул Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгээгүй нь зөв байсан. 2014 оны 10-р сарын 9-ний өдрөөс хойш таван жил өнгөрөөгүй байгаа тул энэ үндэслэл хүчинтэй. Тиймээс, дахин сонгууль болбол С.Ганбаатар төдийгүй Н.Энхбаярын аль нь ч нэр дэвших эрхгүй тул МАХН-аас өөр гуравдах хүнийг нэр дэвшүүлэх ёстой. АН, МАН-аас ч мөн адил Х.Баттулга, М.Энхболд нараас өөр шаардлага хангасан хүний нэр дэвшүүлэх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж NEWS.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0