21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Чуулган: Шинэ Ерөнхийлөгч 11.40 цагаас тангараг өргөнө

2017 оны 07 сарын 10 нд

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр захирамж гаргаж, ээлжит бус чуулганг хуралдуулахаар болсон юм. Өнөөдрийн ээлжит бус чуулганаар хоёр асуудлыг хэлэлцэнэ.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
  2. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заасан байна.

Улмаар шинэ Ерөнхийлөгч өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордны Их танхимд тангараг өргөхөөр болжээ. 

Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчөөр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогдоод байгаа юм. 

Мөн УИХ-ын дарга М.Энхболд захирамждаа "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах"-ыг дурдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав  ахалж байгаа юм. 

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нарын зэрэг хүмүүс багтаад байгаа юм. 

Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх журмыг хуулиндаа ингэж заажээ. 

Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

   Нэг. Тангараг өргөх ёслолын бэлтгэл

1.Төрийн ордон цогцолбор дахь  Их эзэн Чингис хааны хөшөө /цаашид "Их эзэн Чингис хааны хөшөө" гэх/-ний баруун гар талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна.

Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө талбайн баруун гар талд шинээр сонгогдсон  Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарт зориулсан ширээ, сандал, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайн зүүн гар талд Улсын Их Хурлын дарга,  Ерөнхий сайд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт зориулсан ширээ, сандал, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайн голд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индэр, талбайн зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна.

2.Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайн голд байрлуулсан индэр дээр Үндсэн хуулийн уг эх хувь, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг болон бэх тавьсан байна

З.Тангаргын хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг" гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалсан байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд "Алтан соёмбо" үсэг зурж, нөгөө нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргыг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.

 4.Төрийн ордон цогцолборын өмнө, тусгай зассан талбайд Зэвсэгт хүчний ерөнхий штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим байрласан байна.

 5.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байна.

Хоёр. Тангараг өргөх ёслол

6.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ.

 7.Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан тангараг өргөх ёслолын талбайд хүрэлцэн ирж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч түүнд зориулсан ширээний ард, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.

8.Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.

10.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан тайзнаа хүрэлцэн ирж өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.

11.Бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон Ерөнхийлөгчийн оронд сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ журмын Хоёрын 16 дахь заалтад заасны дагуу гардуулан өгнө.

12.Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа дагуулан Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө хүрэлцэн ирж энэ журамд заасны дагуу тангараг өргөнө.

 Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд ажил хүлээлцэх, Төрийн тамгыг гардуулах ёслол үйлдэхгүй.

13.Тангараг өргөсөн Ерөнхийлөгч ширээндээ залармагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

14.Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягтай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.

 Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.

15.Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.

 Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.

  16.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч ажил хүлээлгэн өгөх ёслолын дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр түшиж адислан гардаж аваад ширээн дээр зална.

17.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулна.

18.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын радио, телевизээр орон даяар нэвтрүүлнэ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0