АНУ-ын сонгуульд яагаад өндөр нэр дэвшигч ялдаг вэ?
200 жилийн ардчиллын уламжлалтай, дэлхийн улс орнуудад ардчиллын нүүр царай гэж тооцогддог АНУ-ын улс төрд бидний мэдэхгүй, зарим нь ч бараг ардчилсан бус гэмээр өвөрмөц механизм, зүй тогтлууд, нэлээд байдаг юм. Тухайлбал, ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудад ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог бол АНУ-д ерөнхийлөгчийг ард түмнээс бус сонгогчдын тодорхой төлөөлөл буюу сонгогчдын коллегоос сонгодог, ардчилсан ихэнх улсад намыг улс төрийн гол институт гэж тооцож төрөөс хүчтэй дэмждэг бол АНУ-ыг үндэслэгч эцгүүдээс эхлээд л намыг бус хувь хүн болох ерөнхийлөгчийг илүүд тооцож ирсэн билээ.
Америк маягийн улс төрийн нэгэн сонин зүй тогтол бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аль өндөр нь ялж ирсэн явдал юм. Тиймдээ ч Америкийн ерөнхийлөгч нарын биеийн өндрийн тухай асуудал нь судлаачдын дунд хамгийн сонирхол татсан сэдэв болж ирсэн билээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сонирхолтой тоо баримтууд
1789 оноос хойш 56 удаа ерөнхийлөгчийн сонгууль явагдсанаас 45 удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн аль өндөр нь ялсан байдаг. Мөн 1965 онд 1888-1960 оны хооронд явагдсан сонгуулиудад бүх намхан нэр дэвшигч нь ялагдаж байжээ.
Судлаач Шмитц 1789-2008 оны хоорондох бүх л ерөнхийлөгчийн сонгуулийн тоон мэдээнд үндэслэн хоёр нэр дэвшигчийн өндөр нь ялж ирсэн тохиолдол 58 хувь байна гэж үзсэн байдаг. Мөн судлаач Маккэн нийгэм, эдийн засгийн болон бусад хямралт нөхцөл байдлын үед явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиудад ялагч нь ямагт өндөр нэр дэвшигч байсныг илрүүлжээ.
Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт ба нэр дэвшигчийн биеийн өндөр хоёр шууд хамааралтай
Тодруулж хэлбэл өрсөлдөгчөөсөө өндөр нэр дэвшигч нь сонгуульд ялах магадлалтай гэсэн үг. Мөн олон нийтийн санал (popular vote)-ийг өндөр нэр дэвшигч нь илүү авдаг байна.
Харин өрсөлдөгчөөсөө намхан нэр дэвшигч сонгуульд ялсан дөрөвхөн тохиолдолд уг нэр дэвшигч зөвхөн сонгогчдын коллегийн саналаар ялсан байдаг бөгөөд олон нийтийн саналын хувьд өрсөлдөгч нь илүү санал авсан байдаг. Үүний жишээ бол 2000 оны сонгуульд бага Жорж Буш ялсан явдал юм. Жорж Буш 182 см өндөртэй бол түүний өрсөлдөгч Аль Гор 187 см өндөр байсан бөгөөд олон нийтийн саналаар 48,4 хувийн санал авсан бол Жорж Буш 47, 9 хувийн санал авч байжээ. Харин сонгогчдын коллегийн 271 саналаар Жорж Буш ялалт байгуулсан бол Аль Гор 266 санал авч ялагдсан юм.
Мөн хоёр дахь удаагаа албан тушаалд улиран сонгогдсон ерөнхийлөгч нарын биеийн өндөр дахин сонгогдож чадаагүй ерөнхийлөгч нарынхаас 5,5 см өндөр байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд дунджаас өндөр нуруутай байх ёстой
Америкийн 44 ерөнхийлөгчөөс Жеймс Медисон, Бенжамин Харрисон, Мартин Ван Бурен, Вилльям Мккенли, Жон Адамс, Жон Күйнси Адамс, Захари Тейлор нарын долоон ерөнхийлөгч л нэг цаг үед төрсөн америк эрчүүдийн дундаж өндрөөс намхан байгаа юм. Харин бусад ерөнхийлөгч нар өөрийн үеийнхэн дотроос дунджаар 7.23 см өндөр хүмүүс байгаа юм. АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр ерөнхийлөгч болох Авраам Линкольн, Линдон Жонсон нар 193 см байсан бөгөөд өөрийн үеийн эрчүүдийн дундаж өндрөөс 23-25 см өндөр байсан ажээ. Иймээс ерөнхийлөгч нар ихэнхдээ дунджаас дээгүүр өндөртэй хүмүүс байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм.
Мөн бас нэгэн сонирхолтой зүйл ажиглагдаж байгаа нь сонгуульд ялагдсан нэр дэвшигчдийн хувьд ч дунджаас дээгүүр өндөртэй байгаа юм. Сонгуульд ялагдсан нэр дэвшигчид нэг цаг үед төрсөн эрчүүдээс дунджаар 6.95 см өндөр байна.
Эндээс үзэхэд Америкт ерөнхийлөгч болох, эсвэл ядаж ерөнхийлөгчид нэр дэвшигч болохын тулд дунджаас дээгүүр өндөр байх ёстой зүй тогтол харагдаж байна.
Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд өрсөлдөгчөөсөө өндөр байх ёстой
АНУ-ын нийт 44 ерөнхийлөгчийн 25 нь хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохоор өрсөлдөж байснаас 15 нь хоёр удаа сонгогдож чадсан байдаг. Энэ 15 ерөнхийлөгчийн 12 нь өрсөлдөгчөөсөө өндөр байсан юм. Мөн тэд дахиж сонгогдохоор нэр дэвшсэн боловч ялалт байгуулж чадаагүй арван ерөнхийлөгчөөс дунджаар 5.47 см өндөр байсан байна. (181.87±8.00 см vs 176.40±6.87 cм) Тийм учраас ерөнхийлөгч хоёр дахь удаагаа сонгогдоход өрсөлдөгчөөсөө өндөр байх нь ихээхэн нөлөөтэй болох нь харагдаж байгаа юм.
Ерөнхийлөгчийн албанд хоёр удаагаа сонгогдсон 15 ерөнхийлөгч
Дээрх мэдээллийг хүснэгтээр харна уу.
№ |
Ерөнхийлөгч ба биеийн өндөр |
Сонгогдсон он |
1 |
Жорж Вашингтон 188 см |
1789, 1792 |
2 |
Томас Жеффорсон 189 см |
1800, 1804 |
3 |
Жеймс Медисон 163 см |
1808, 1812 |
4 |
Жеймс Монро 183 см |
1816, 1820 |
5 |
Эндрю Жексон 185 см |
1828, 1832 |
6 |
Юлис Грант 173 см |
1868, 1872 |
7 |
Теодор Рузвельт 179 см |
1900, 1904 |
8 |
Вудро Вильсон 180 см |
1912, 1916 |
9 |
Франклин Рузвельт 188 см |
1932, 1936, 1940 |
10 |
Харри Трумэн 175 см |
1944, 1948 |
11 |
Дуайт Эйзенхауэр 180 см |
1952, 1956 |
12 |
Рональд Рейган 185 см |
1980, 1984 |
13 |
Билл Клинтон 188 см |
1992, 1996 |
14 |
Жорж Буш 182 см |
2000, 2004 |
15 |
Барак Обама 185 см |
2008, 2012 |
Хоёр дахь удаагаа ерөнхийлөгчид сонгогдож чадсан хүмүүсээс Жеймс Медисон, Жорж Буш, Барак Обама нар өрсөлдөгчөөсөө намхан байсан билээ. Тухайлбал Барак Обама өрсөлдөгч Митт Ромнигоос 3 см намхан байсан юм.
Америкчууд өндөр ерөнхийлөгчид дуртай
2000 оны сонгуульд 182 см өндөртэй Жорж Буш өөрөөс нь 5 см өндөр Аль Горыг, 2004 оны сонгуульд мөн Жорж Буш 193 см өндөр Жон Керриг тус тус ялсан бол 2012 оны сонгуульд 185 см өндөртэй Барак Обама 188 см өндөр Митт Ромниг ялсан
Америкийн 56 удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиас ердөө 9 сонгуульд л нэр дэвшигчдийн намхан нь ялсан байдаг. Энэ талаарх сүүл үеийн баримтаас дурьдвал 2000 оны сонгуульд 182 см өндөртэй Жорж Буш өөрөөс нь 5 см өндөр Аль Горыг, 2004 оны сонгуульд мөн Жорж Буш 193 см өндөр Жон Керриг тус тус ялсан бол 2012 оны сонгуульд 185 см өндөртэй Барак Обама 188 см өндөр Митт Ромниг ялсан билээ.
Эдгээр цөөн тохиолдлоос бусад бүх сонгуульд хоёр нэр дэвшигчийн өндөр нь л ялж ирсэн юм. Тийм учраас Америкийн судлаачид Ерөнхийлөгчийн биеийн өндөр ба олон нийтийн дэмжлэг хоёр шууд хамааралтай гэж дүгнэдэг байна.
Америкт 2005-2011 оны хооронд хийгдсэн олон нийтийн санаа бодлын таван судалгааны дүнгээс үзэхэд намхан ерөнхийлөгчтэй харьцуулахад өндөр ерөнхийлөгчийг илүү мундаг сүр жавхлантай гэх хандлага түгээмэл байгаа юм. Америкийн олон нийт өндөр ерөнхийлөгчийг илүү сайн удирдагч, харилцааны ур чадвар сайтай, бодлогын хувьд ч мундаг улс төрч гэж үздэг байна.
Америкийн иргэдийн дунд ерөнхийлөгч залуухан, эрүүл чийрэг, спортлог, хүчтэй, өндөр хүн байх ёстой гэсэн хүлээлт түгээмэл байдгаас ерөнхийлөгч олон нийтийн энэхүү хүлээлтэнд тохирсон дүр төрх бүрдүүлэхийг хичээж ирсэн билээ. Барак Обама гадаад дотоод бүх л айлчлалын үед онгоцноос гүйж буудаг, индэр дээр үг хэлэхдээ гүйж гарч ирдэг, 73 нас шүргэж буй дэд Ерөнхийлөгч Жой Бадений хамт Цагаан ордон дотроо гүйж дасгал хийдэг, Митт Ромни 2012 онд Бүгднайрамдах нам түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг зарлах үед Gangnam style бүжиглэн гарч ирсэн зэрэг нь бүгд олон нийтэд таалагдах гэсэн оролдлогууд билээ.
Яагаад өндөр хүмүүс АНУ-ын ерөнхийлөгч болоод байна вэ?
Зөвхөн ялалт байгуулсан ерөнхийлөгч төдийгүй сонгуульд ялагдсан нэр дэвшигч хүртэл дунджаас дээгүүр өндөр нуруутай хүмүүс байв. Ерөнхийлөгч нар ийнхүү дунджаас өндөр байгаатай сайн боловсрол эзэмшсэн, өндөр орлоготой, нийгмийн зэрэг зиндаа дээгүүр байх явдал холбоотой юм.
Ерөнхийлөгчид сонгогдох юмуу нэр дэвшиж буй хүмүүс дунджаас дээгүүр өндөр байх хандлага сүүлийн үеийн бүх сонгуулиудад илэрч байна. 1896 онд дунджаас намхан нуруутай Вилльям Мккенли сонгогдсоноос хойш дахин ийм тохиолдол гарсангүй.
Яагаад ийнхүү сүүлийн үед нэр дэвшигчийн биеийн өндөр сонгуулийн ялалтанд хүчтэй нөлөөлөх болсон талаар нэг тайлбар байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд ерөнхийлөгчийн бие хаа, өндөр намын ялгааг хүчтэй харуулж хүмүүсийн анхаарлын төвд тавьж байгаатай холбоотой гэх үзэл юм.
Судлаачдын үзэж байгаагаар 1869-1928 оны хооронд явагдаж ирсэн сонгуулийн сурталчилгааны гол хэрэгсэл нь сонин байсан бөгөөд сонин вербаль суваг болохын хувьд нэр дэвшигчийн гадаад төрх байдал гэхээс илүү хэлсэн үг, мөрийн хөтөлбөрт голлох анхаарлаа хандуулж хүмүүст мэдээлж ирсэн юм. Харин 1960-аад оноос Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй түрэн орж ирсэн телевиз визуаль суваг болохын хувьд сонгогчдын анхаарлыг нэр дэвшигчдийн бие махбод, гадаад өнгө үзэмжид илүү анхаарахад хүргэсэн билээ.
Телевизээр гарч буй нэр дэвшигчийн визуаль төрх буюу харагдах байдал сонгогчдын саналд хэчнээн хүчтэй нөлөөлдгийн сонгодог жишээ бол 1960 оны Жон Кеннеди ба Ричард Никсон хоёрын анхны халз мэтгэлцээн юм.
Энэхүү мэтгэлцээн улс төрийн үйл явц, сонгуулийн кампанийн түүхэнд эргэлт гэмээр үр дүн авчирсан юм. Мэтгэлцээний дараа хийсэн олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд телевизээр үзсэн хүмүүсийн олонх нь Ж.Кеннедиг ялалт байгуулсан гэсэн бол радиогоор сонссон хүмүүсийн ихэнх нь Р.Никсоныг илүү байсан гэж хариулжээ. Ингээд судлаачид иргэдийн байр суурь яагаад ийм ялгаатай байгааг судалсны үр дүнд Р.Никсонтой харьцуулахад Ж.Кеннеди ТВ-ээр илүү гоё гарч хүмүүст сэтгэгдэл төрүүлснийг олж тогтоожээ.
Харин Р.Никсон өмнө өвдгөө гэмтээсний улмаас эмнэлэгт хэвтээд уг мэтгэлцээн болохоос хоёр долоо хоногийн өмнө эмнэлгээс гарсан, нэлээд турж ядарсан, цонхигор цагаан царайтай, хөмсөг зангидсан төрхтэй байсан аж. Мөн тэрбээр нүүрэндээ make up хийлгэж, царай зүсийг нь өнгөлөх гэхэд татгалзсаны зэрэгцээ хувцасны өнгөний хувьд буруу сонголт хийсэн байж. Өөрөөр хэлбэл танхимын арын фон нь саарал өнгөтэй байсан атал Р.Никсон мөн л саарал өнгийн костюмтэй байсан нь нүүрний өнгө улам бүр бүдэг харагдахад хүргэсэн байна.
Өндөр нэр дэвшигч телевизийн эфирт илүү давуу талтай байдгийн дараагийн нэг жишээ бол 1988 оны Жорж Буш ба Майкл Дукакис нарын халз мэтгэлцээн юм.
Ардчиллын уламжлалтай, иргэд нь улс төрийн өндөр соёлтой гэж тооцогддог Америкийн олон нийт ийм сонин гэх юмуу монголчуудын хувьд бол огт ач холбогдолгүй баймаар нэр дэвшигчийн биеийн өндрийг харгалздаг нь эцсийн дүндээ олон түмний сэтгэл зүйн онцлогтой л холбоотой юм.
Халуухан өрнөсөн мэтгэлцээний дараа хоёр нэр дэвшигч индрээс бууж гар барилцах үед Дукакис Бушийн дэргэд ямархуу намхан болох нь, Буш хэр зэрэг тонгойж байгаа зэрэг нь дэндүү тод харагдсан билээ.
Ардчиллын уламжлалтай, иргэд нь улс төрийн өндөр соёлтой гэж тооцогддог Америкийн олон нийт ийм сонин гэх юмуу монголчуудын хувьд бол огт ач холбогдолгүй баймаар нэр дэвшигчийн биеийн өндрийг харгалздаг нь эцсийн дүндээ олон түмний сэтгэл зүйн онцлогтой л холбоотой юм.
Харин Монгол Улсын хувьд энэ асуудлыг авч үзэх цаг нь болоогүй байна. АНУ бол ерөнхийлөгчийн сонгуулийн 200 жилийн практиктай улс тул судалгааны баримт сэлт, хангалттай хуримтлагдсан, түүн дээр үндэслээд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн биеийн өндөр онцгой үүрэгтэй гэх мэт дүгнэлт хийх боломжтой байгаа юм. Харин манайд болохоор ердөө 6 удаагийн ерөнхийлөгчийн сонгууль явагдсан тул энэхүү зургаахан сонгуулийн дүнд үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн олон нийт нэр дэвшигчийн гадаад байдал, түүний дотор биеийн өндөрт ач холбогдол өгдөг эсэхийг тандсан судалгаа одоогоор огт хийгдээгүй л байгаа юм.
Гагцхүү 2013 оны сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ба Ц.Элбэгдорж нарын бие хаа, гадаад байдлын талаар эерэг сөрөг сурталчилгаа явагдсан нь нэр дэвшигчдийн гадаад үзэмжинд анхаарлаа хандуулсан анхны сурталчилгаа болсон билээ.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг