Ерөнхий сайд Мотоо Хаяшиг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайдын тусгай элч, парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяшиг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд тусгай элчээ томилон ирүүлсэн нь Япон Улсын төр, засаг манай улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн тод илрэл хэмээн талархан хүлээн авч байна. Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэ онд олон чухал арга хэмжээ болж байгаагийн дотор Парламентын дээд удирдлага харилцан айлчилж байгаад баяртай байна. Манай УИХ-ын дарга М.Энхболд энэ оны гуравдугаар сард Япон улсад амжилттай айлчилсан. Харин Монгол, Японы харилцааны түүхэнд анх удаагаа Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга манай улсад албан ёсоор энэ сард айлчлах гэж байна. Т.Оошима даргатай уулзаж хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй санал солилцохдоо таатай байх болно” гэлээ.
Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг ОУВС-тай тохирч, энэ хүрээнд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд мөн энэхүү тусламжийн эхний хэсэг удахгүй орж ирэхээр болсонд баяртай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илэрхийллээ.
Японы Парламентийн Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгч Мотоо Хаяши “Өнгөрсөн оноос хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол Японы эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй"-г онцлоод, Монгол Японы төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрээр, маргааш Японы Засгийн газрын дэмжлэгээр баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, 2025 онд Осака хотноо зохион байгуулагдах Олон улсын Экспо үзэсгэлэнд Монгол Улсыг дэмжин ажиллахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.