МУ-ын Арслан Цэдэвийн Содномдорж хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртлээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид өнөөдөр түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг гардууллаа.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Цүёоши Авай болон шинэ арслан Ц.Содномдоржийн гэр бүлийнхэн оролцон юм.
Тоёота моторс корпораци дөрөв дэх жилдээ МУ-ын Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Автомашин гардуулах ёслолын үеэр Монгол Улсын арслан Ц.Содномдорж “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Хөвсгөл аймгаас 10 жилийн өмнө улсын наадмын түрүү бөх тодорч байсан. 10 жилийн дараа наадамд түрүүлж Х.Мөнхбаатар ахынхаа амжилтыг давтаж арслан цол хүртлээ. Тоёота моторс корпорацийн хамт олондоо Монголын Үндэсний бөхийн холбоо болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн хэлсэн юм.
AYANGA.MN