Б.ЙЫЛДЫРЫМ: ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХЭЭР ОРОЛДСОН ХҮМҮҮСИЙГ САЙН, МУУ ГЭЖ АНГИЛЖ БОЛОХГҮЙ
ИСТАНБУЛ./ANADOLU/. “2016 оны 7 дугаар сарын 15-наас хойш төрсөн хүүхдүүдэд Фетуллах Гүлэний удирдсан FETÖ террорист урсгалын талынхны зохион байгуулсан төрийн эргэлт хийх оролдлоготой адил эмгэнэлт явдал тохиолдохгүй гэж найдаж байна” хэмээн Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдлээ. Тэрбээр Истанбул хотод болсон олон улсын бага хуралд оролцож үг хэлсэн юм.
“7 дугаар сарын 15-ны үйл явдал бол Туркийн түүхэн дэх хамгийн ихээр итгэлийг эвдсэн төрийн эргэлтийн оролдлого байлаа” гэж Ерөнхий сайд дүгнээд “эргэлт хийхээр оролдсон хүмүүсийг сайн хүмүүс ба муу хүмүүс гэж ангилах ёсгүй” гэлээ.
“Тухайн улс орны явуулж буй бодлогыг эсэргүүцдэг хүмүүсийн үйл ажиллагаатай ямар ч улс эвлэрэхгүй. Энэ бол бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн бодит баримт” гэж Б.Йылдырым онцлон тэмдэглэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “урвагчдыг шүүхээр оруулж, тэдэнд тохирсон ял шийтгэлийг нь оноох болно” гэлээ. “Төрийн эргэлт хийхээр оролдсон хүмүүсийг гэм буруугүй гэж халхавчлах байдлаар нийгмийг төөрөгдөлд оруулах ёсгүй” гэдгийг Ерөнхий сайд сануулаад “парламентын ордныг бөмбөгдөж, тусгай хүчний 53 дайчныг хөнөөсөн тэр хүмүүс хариуцлагаас мултрахгүй” гэж мэдэгдсэн байна.
Төрийн албанд шургалсан FETÖ байгууллагын гишүүдийг илрүүлэх талаар эрх баригчдын хийж буй алхмын тухайд тэрбээр ярихдаа “хоёр Герман нэгдэх үед нэг дор 500 мянган төрийн албан хаагч ажлаасаа халагдаж байсныг” сануулан дурдлаа.
“Тэр үед хэн ч ийм үйлдлийн шалтгааны талаар Берлинд асуулт тавьж байгаагүй шүү дээ” гэж Ерөнхий сайд хэлэв.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ Б.Адъяахүү