21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МАКРОН ТРАМПЫГ ГАДААД БОДЛОГОО ЭРГЭН ХАРАХЫГ САНУУЛАВ УУ?

2017 оны 07 сарын 14 нд

        АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Франц улсад хоёр хоногийн албан ёсны айлчлал хийж байна. Энэ бол тэдний дөрөв дэх удаагийн уулзалт аж. Өмнө нь, хоёр улсын төрийн тэргүүн НАТО, Их -7, Их-20 –ийн дээд хэмжээний чуулганы үеэр уулзсан билээ.

        Трамп Парист Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар Бастилийн цайзыг эзэлсэн өдөр /07.14 өдөр/ болон Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ оролцсоны 100 жилийн ойг тохиолдуулан айлчилж байна.

        Хоёр улсын төрийн тэргүүн Сирийн хурцадмал байдал, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс АНУ гарах, терроризм зэрэг асуудлыг хэлэлцжээ. Тэдний уулзалт эсрэг байр суурьтай, халуухан болсон бөгөөд уулзалтын төгсгөлд тэд ойлголцолд хүрсэн гэж Цагаан ордон мэдээлж байна. Тэд Башар Асадын Засгийн газар хууль бус гэв. Мөн Сирид болсон химийн зэвсгийн бөмбөгдөлтөд тус улсын удирдлагууд буруутай гэсэн нэгдсэн байр суурьтай байгаагаа мэдэгдсэн юм.

       Трампын айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн АНУ, Францын худалдаа-эдийн засгийн асуудлыг хэлэлцэв.  Трамп шилдэг бизнес эрхлэгч гэдэг утгаараа АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй. Харин Эммануэль Макрон бизнесийн салбарт шинэ хүн биш. Тэрбээр өмнө нь банкны салбарт ажиллаж байсан, мөн эдийн засгийн сайд байсан туршлагатай улс төрч. Иймээс хоёр улсын төрийн тэргүүний хэлэлцээ худалдаа-эдийн засгийн  салбарт ихээхэн зөрчилдсөн гэв. Учир нь Трамп Транс-Атлантын худалдаа эдийн засгийн түншлэлийн төслийг царцаасан. Тэрбээр өөр арга замаар энэ салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаа нь Францын зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ

         Үүнээс гадна, хоёр улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Макрон сонгуулийн кампанит ажлын үеэр Францын Батлан хамгаалах салбарын зардлыг ДНБ-ий хоёр хувьд хүргэнэ гэж амласан. Энэ хүрээнд тэрбээр НАТО-г бэхжүүлэх, Евро-Атлантын нэгдлийн идэвхтэй дэмжиж байна.

 

         Хоёр улсын төрийн тэргүүн уулзалтынхаа дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эхний асуулт тавих эрхийг ABC телевизийн сэтгүүлчид олгожээ. Сэтгүүлч Трампын хүү оросын хуультай уулзсан гэх шуугианыг тодруулсан байна. Харин сүүлийн асуулт тавих эрхийг америкийн сэтгүүлчдэд олгохгүй гэж Трамп хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ түүнд айлчлалын протоколыг мөрдөх хэрэгтэй гэдгийг сануулсны үндсэн дээр Трамп “Phoenix TV of China” телевизэд ажилладаг хятад сэтгүүлчид сүүлийн асуулт тавих эрхийг олгожээ. Сэтгүүлч Трампыг Их-20 уулзалтаар БНХАУ-ын дарга Си Жиньпины ямар бодолтой явдаг тухай асуусан байна.

        Үүний дараагаар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийн үндэслэлгүй баримт, нотолгоогүй, худал мэдээлэл түгээдэг хэмээн дахин шүүмжилсэн ажээ.

100 жилийн өмнө

 

        Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ оролцсоны 100 жилийн ойг тохиолдуулан Дональд Трампыг Парист айлчлахыг урьсан.

        Одоогоос 100 жилийн өмнө АНУ дэлхийн улс орнуудын хэрэгт оролцохгүй гэсэн гадаад бодлогын зарчимтай байв. Харин Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон цагаас эхлэн тус улс асуудалд хөндлөнгөөс оролцох бодлогоосоо аажим аажмаар татгалзаж байна гэж судлаачид харж байна.

Харин Эммануэль Макрон чухам энэ өдрийг тохиолдуулан Трампыг Парист урьсан нь АНУ гадаад бодлогын үндсэн зарчим руугаа эргэх цаг нь болсон, 100 жилийн өмнөх рүүгээ эргэн харахыг сануулсан байж болох талтай гэж судлаачид харж байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0