21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“The Global Times”:Үндсэрхэг үзлээ багасгаж, хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь Монголд ашигтай!

2017 оны 07 сарын 14 нд

 

       “The Global Times” сонинд өчигдөр буюу Лхагва гарагт “Үндсэрхэг үзлээ багасгаж, хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь Монголд ашигтай” гэсэн өгүүлэл нийтэлжээ. Энэ сонин Хятадын Коммунист Намын төв хэвлэл юм.

        Минзу их сургуулийн профессор Wu Chuke–ийн бичсэн уг нийтлэлийн эхэнд ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын талаар бичихдээ “АНУ-д Дональд Трамп ерөнхийлөгч болж байхад Монгол улсын шинэ ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдож байгаа нь гайхах зүйл биш юм. Хоёул амжилт гаргасан бизнесмэнүүд, өөрсдийгөө эх оронч гэж зарладаг хүмүүс. Хоёул улс орноо сэргээн босгох уриатайгаар сонгуульд өрсөлдөж ялсан. Хоёул гадаад эхнэртэй” гэжээ.

       Жүдогийн Холбоог тэргүүлдэг Баттулгын хичээл зүтгэлээр Монгол улс 2008 оны Бээжингийн Олимпоос анхны алтан медалиа зүүж байсныг дурдаад энэ нь түүний нэр хүндэд чухал нөлөө үзүүлснийг бас өгүүлсэн байна.

        Нийтлэлч түүнийг сонгуулийнхаа сурталчилгааны үеэр Хятадтай харилцах харилцаандаа хатуу бодлого баримталж ажиллахаа амлаж байсныг дурдаад гэвч хөршүүдтэйгээ найрамдалт харилцаатай байх нь тус улсын тогтвортой байдал, хүн ардын сайн сайхан амьдралын баталгаа болдгийг Монгол улсын сүүлийн 30 орчим жилийн түүх харуулж байна” гэдгийг сануулжээ.

         Монгол улсын гадаад бодлогын талаар “Монгол улсын геополитикийн байрлал нь Хятад, Оростой ухаалгаар хамтарч ажиллах ёстойг харуулдаг. Монголын засгийн газар нэгэнтээ Гурав дахь хөршийн бодлого гэгчийг зарлаж Хятад, Оросоос хамааралгүй болох зорилт тавьж байсан. Гэвч энэ бодлого нь тус улсын нэр хүндийг өсгөхөд тус болоогүй юм” гэжээ.

         Харин ч Монгол улс сүүлийн жилүүдэд “гурав дахь хөршүүддээ ашиглуулж”, үр дүнд нь баян хоосны ялгаа гүнзгийрч, бусдаас эдийн засгийн хамааралтай болж, доройтож байгааг өгүүлсэн байна.

        Тиймээс “Монголын улс төрчид хөршөө солих мөрөөдлөөсөө салж, хөршүүдтэйгээ хэрхэн ухаалаг замаар хамтран ажиллах талаар бодох хэрэгтэй. Өнөө үед Хятад улс дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын нэг болоод байна. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт хурдтай байгаа.

Улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал нь зайлшгүй чиг хандлага юм. Гадаад ертөнцөөс өөрсдийгөө  тусгаарлах нь зөвхөн хоцрогдол авчрахаас хэтрэхгүй

          Дэлхийн олон улс орон Хятадын хурдацтай хөгжлийн үр шимийг хүртсэн бөгөөд Хятад улс бусад хөгжиж буй орнууд, тэр дундаа Африкийн болон Азийн хөрш зэргэлдээ хөгжиж буй орнуудтай харилцан ашигтай прагматик, ижил тэгш хамтын ажиллагааг чухалчилдаг. Монголын эдийн засгийн Хятадаас хамааралт байдал нь эдийн засгийн нөхцөл, зах зээлийн хуулийн дагуу бий болсон үр дагавар гэдгийг Монголын улстөрчид ойлгох хэрэгтэй юм” гэжээ.

          Өгүүлэлд “Улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал нь зайлшгүй чиг хандлага юм. Гадаад ертөнцөөс өөрсдийгөө  тусгаарлах нь зөвхөн хоцрогдол авчрахаас хэтрэхгүй. G20 дээд хэмжээний уулзалт, БРИКС-ийн саммит, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум нь хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг эрэлхийлж буй платформ бөгөөд Хятад улс ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн.

         Хятад улс дэлхийн аль ч улс орныг том, бага гэж ялгалгүй, эрх тэгш харьцаж, тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийг нь хүндэтгэж ирснийг дурдаад Монголын шинэ ерөнхийлөгч өөрийн хүчин чармайлтаараа Монголын ард түмнийг хөгжил цэцэглэлд хүргэж чадна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.

         “Монгол улс геополитикийн хувьд өөрийн гэсэн давуу талтай. Гэхдээ үндсэрхэг үзэл нь тус улсын хөгжилд нь саад болдог. Хөгжихийн тулд Хятад, Монгол хүмүүс энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр замгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн ингэж баймаажин  хөгжлийн  гайхамшигийг бий болгож чадна” гэжээ.

Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/1055998.shtml



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0