Даваа гарагт Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монголд айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Япон Улсын парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох юм.
Энэхүү айлчлал Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
AYANGA.MN