21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ: ТААМАГ, ХҮЛЭЭЛТ

2017 оны 07 сарын 17 нд

 

Шинэ Ерөнхийлөгч: Таамаг, хүлээлт

       Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орсноос хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Хоёр шатны санал хураалтын ширүүн өрсөлдөөнд эрх баригч намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг ялан гарч ирсэн Х.Баттулгын үйл хөдлөлийг дотоод, гадаадгүй ажиглан харж байна.

     Ерөнхийлөгч гэдэг бол Монгол улсаа гадаадад төлөөлөх эрх бүхий субъектын хувьд ялангуяа гадаад орчин, тэр дундаа Монголтой уламжлалт харилцаатай улс орнууд шинэ Ерөнхийлөгч ямар чиг шугам барихыг хүлээзнэж байна.

       Тангаргаа өргөснөөс хойш Ерөнхийлөгч Х.Баттулга олон нийтэд хандан хэд хэдэн үг хэлсэн. Тухайлбал, тангаргаа өргөсний дараа, Үндэсний баяр наадмын нээлтэд, мөн Үндэсний баяр наадам зориулсан Төрийн хүндэтгэлийн дайллагад. Эдгээр үгээс тангаргаа өргөсний дараа хэлсэн үгэндээ гадаад харилцааны талаар баримтлах нэг өгүүлбэрийг шингээжээ. Тухайлбал, “Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна” гэсэн үгийг хэлжээ.

        Шинэ Ерөнхийлөгчийг тангаргаа өргөсний дараа хамгийн түрүүнд баяр хүргэсний төрийн тэргүүний нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байсан бөгөөд мөн тэрбээр өөрийн бие төлөөлөгч болгон зөвлөх Игорь Евгеньевич Левитинийг илгээсэн нь тангаргын ёслолд оролцсон. Мөн ОХУ-ын Буриад улсын тэргүүний үүргийг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов энэхүү ёслолд оролцсоныг дурдах хэрэгтэй.

        Харин Монголын хоёр хөршийн нэг, эдийн засгийн гүн гүнзгий холбоотой БНХАУ-ын дарга өөрийн бие төлөөлөгч Улаанбаатар дахь Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминээр баяр хүргэсэн захидлаа дайжээ.

         ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэсэн илгээлтдээ “Манай хоёр орны харилцаа нь найрсаг, сайн хөршийн уламжлалт шинж чанарыг агуулж байдаг билээ. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Чингэх нь Орос, Монголын ард түмнүүдийн язгуур эрх ашигт бүрэн нийцэх болно” хэмээн дурдсан байна. Гэхдээ Путин Ерөнхийлөгч Х.Баттулгыг тангаргаа өргөхөөс хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 8-нд баяр хүргэсэн юм.

        Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа авсаны дараа гаднын хэвлэлүүд Х.Баттулгын бизнесийн болоод спортын амжилт замналд илүүтэй ая холбогдол өгөн мэдээллээ. Үүнээс гадна Монголын шинэ Ерөнхийлөгч хоёр хөршийнхөө талаар ямар байр суурь баримтлах бол гэсэн таамаг дэвшүүлсэн нийтлэлүүдийг мөн түгээжээ. Ингэхдээ Х.Баттулгын сүүлийн жилүүд болоод сонгуулийн сурталчилгааны үеэр баримталж байсан байр суурь, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт үндэслэн бичсэнээ онцолсон байна. Тухайлбал, Австралийн Lowy Institute-ээс эрхлэн гаргадаг The Interpreter цахим хэвлэлд “энэ бол Путины ялалт байлаа” хэмээн бичжээ.

       Хоёр хөршөөс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абе, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Кувейт улсын Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, БНСВУ-ын Ерөнхийлөгч Чань Дай Гуанг нар баярын цахилгаан ирүүлсэн.

        Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн мэндчилгээ түүний бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши Х.Баттулгад гардуулан өгсөн. Мөн Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч нарын баяр хүргэсэн мэндчилгээг  тус  холбооны Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан.

ХҮЛЭЭЛТ

      Шинэ Ерөнхийлөгчийн ямархуу чиг шугам баримтлахыг хоёр салбарт нэн түрүүн анхааран ажиж байгаа нь нэгдүгээрт, гадаад харилцаа, хоёрдугаарт, эдийн засаг юм.

         Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 оноос хоёр бүрэн эрхийн хугацаа буюу найман жил ажилласан Цахиагийн Элбэгдоржийн гадаад харилцааны салбарт хийсэн бахдам амжилтыг нэг намын угшилтай Х.Баттулга буухиалан авч явах уу гэдэг хүлээлт байна. Нэн ялангуяа Ц.Элбэгдоржийн санаачлан ажил хэрэг болгосон хөрш гурван орон Монгол-ОХУ-БНХАУ-ын тэргүүн нарын гурван талт уулзалт, Зүүн Азийн бүс нутгийн тогтвортой байдалд дэм болох зорилго бүхий жил тутмын “Улаанбаатарын яриа хэлцээ” уулзалт, Дэлхийн Эдийн засгийн форум дахь Монголын оролцоо зэрэг гал алдалгүй өртөөлж явах учиртай, ач холбогдолтой санаачилгууд бий.

       Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд Монголын улсын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны салбарт өмнөд хөрш БНХАУ давамгай байдал эзлээд удаж байгаа. Нэн ялангуяа уул уурхайн том төслүүдэд хамтран ажиллаж, хөрөнгө оруулахаа илэрхийлсээр байгаа БНХАУ-ын хувьд долдугаар сарын 7-ны өдөр монголчуудын хийсэн сонголт болгоомжлол төрүүлж байгаа нь нууц биш. Нэн ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагшаа тээвэрлэх төмөр замын асуудал дээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тухайн үед баримталж байсан байр суурийг Хятадын хөрөнгө оруулагчид мартаагүй байгаа. Шинэ Ерөнхийлөгчийн хувьд гол хийх ажлаа “Өртэй Монголыг өргүй болгоно” хэмээн санал хураалтын шөнө мэдэгдсэн нь эдийн засгийн асуудлаар баримтлах чиг шугам нь байна хэмээн ойлгогдож байна. Хоёр дахь санал хураалтын өмнөхөн шинэ Ерөнхийлөгчийг сойсон Ардчилсан намын зүгээс Монголын бүх өртэй иргэдийн өрийг цайруулахыг хүссэн хүсэлтийг Х.Баттулгад гардуулж байсныг санал хураалтын шөнийн мэдэгдэлтэй холбон ойлгох уу, эсвэл өнөөг хүртэл Монгол улсын Засгийн газрын гадаадын зах зээлээс босгосон бондын өрийг хамаатуулж ойлгох уу гэдэг бүдэг хэвээр байна.

         Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй ч батлах эрх нь УИХ-д хадгалагддаг. Ерөнхийлөгчид УИХ-ын хууль тогтоомжид хориг тавих эрх бий ч энэ хоригийг хүлээн авахгүй байх эрх бас УИХ-д бий.

         Одоогоор Ерөнхийлөгчийн баг бүрэн албажаагүй байна. Энэ долоо хоногт зөвлөхүүдээ болоод ойр шадар ажиллах хүмүүсээ томилох болов уу гэсэн хүлээлт байгаа. Ерөнхийлөгчийн баг бүрэн бүрэлдсэн үед хүлээлт, таамаг хэр бодитой эсэх нь ойлгомжтой болно.

ЭХ СУРВАЛЖ:News.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0