МАН есдүгээр сард бага хурлаа хийхээр товлолоо
МАН-ын ирэх есдүгээр сард бага хурлаа зарлан хуралдуулахаар урьдчилан товлосон байна.
Учир нь долдугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хэд, хэдэн асуудал хэлэлцүүлсний дотор Бага хурлыг есдүгээр сард хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах асуудал багтсан гэх мэдээлэл гарлаа.
Тус нам бага хурлаараа дараачийн их хурлаа товлон зарлаж, өнгөрөгч 27 дугаар их хурлаас хойших үйл ажиллагааныхаа үр дүн, алдаа дутагдлыг хэлэлцэн, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Энэ удаагийн намын бага хурлын үр дүнд намын удирдлага болоод бодлого шийдвэрүүдэд гишүүд даацтай, бодитой үнэлгээ өгч намынхаа бүтцийг шинэчлэх эрэлхийлэл хийнэ гэж зарим ажиглагчид үзэж байна.
AYANGA.MN