М.Энхболд МАН-ын даргын ажлаа өгөхөө мэдэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга ялалт байгуулсантай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 8-нд буюу наадмын өмнө хуралдсан. Уг хуралдааны үеэр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын дарга бөгөөд тус намын дарга М.Энхболд хэд хэдэн асуудал оруулсны дотор намын ээлжит Их хурлыг зохион байгуулах, шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх зэрэг саналуудыг оруулснаа тэрбээр өчигдөр цахим хуудсаар нээлттэй зарлалаа.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ дүгнэлт хийж, ирэх сард болох МАН-ын бага хурлаар уг асуудлыг хэлэлцэхийг өөрийн биеэр хүссэн байна. Бага хуралдаанаас намын их хурлын товыг яаралтай зарлаж, дээрх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ МАН-ын шинэ удирдлагыг сонгох, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь хэрэгтэй гэж үзэж буйгаа давхар санал болгожээ. Түүний дээрх гурван саналыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой хариуцлага тооцох асуудал нээлттэй болж, УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргын албаа хүлээлгэж өгөх нь тодорхой боллоо.
ЭХ СУРВАЛЖ: http://www.24tsag.mn/content/152764.shtml