ОУВС-ГИЙН ШИНЖЭЭЧИД ЯАМДАД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Олон улсын валютын сан /ОУВС/-гийн шинжээчид долдугаар сарын 19-нд Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС-д хандсанаар өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах болсон. Иймээс тус сангийн шинжээчид хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор яамдад ажиллаж байна гэж ойлгож болох аж. Нийт зургаан шинжээч иржээ.
Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө долоон төрлийн татвар нэмэгдүүлэх, Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийнхээ 60 хувьд олгох зэрэг хэд, хэдэн үүрэг хүлээж, энэ төрлийн хуулийг УИХ-аар батлуулсан.
Татвартай холбоотой хуулиуд өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнээс авто машинд ногдуулах гаалийн онцгой албан татварын хэрэгжилтийн хугацааг хойшлуулж, 2017 оны долдугаар сарын 1-н болгон өөрчилсөн.
Мөн бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан билээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүүхдийн 20 мянган төгрөг аваагүй иргэдийн дансанд нийт долоон сарын 140 мянган төгрөг орсон.
Нийт 403 мянган хүүхдэд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дансанд нь шилжүүлсэн юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгох болсон үндэслэлээ “Төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учраас Засгийн газар бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 100 тэрбумыг зарцуулж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Орлого давж биелсэн тул нийгмийн шинж чанартай хөтөлбөрийг дэмжих нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчсөн ноцтой шалтгаан болохгүй гэдэг тайлбарыг ч давхар хийж байв.
Гэвч эл асуудал нь ОУВС-гийн шинжээчдээс сануулга авч магадгүй тухай яриа чих дэлсэж байна.
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын зээл авах бололцоо бүрдсэн. Зээлийн жилийн хүү нь 2 хувиас хэтрэхгүй. Энэ нь төсөвт ирэх дарамтыг бууруулах ач холбогдолтой. Нөгөө талаас хямд эх үүсвэрээр хэрэгцээтэй төслүүдээ дэмжиж, хөрөнгө оруулж чадвал Монголын эдийн засаг сэргэхэд илүү ач холбогдолтой тусна гэж эдийн засагчид дүгнэж байгаа.
Учир нь Монгол Улсын төсвийн алдагдал 2 их наядаар хэмжигдэх болсон. Үүнийг өндөр өртөгтэй Засгийн газрын бондоор санхүүжүүлэх нь эргээд эдийн засгийг боомилдог. Төгрөг үнэгүйдэх шалтгаан болдог. Тиймээс Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь цагаа олсон бодит арга хэмжээ болсон.
Эхний ээлжинд 38.6 сая ам.доллар орж ирсэн. Үр дүнд нь валютын ханшийн өсөлт зогсож, төгрөг чангарах боломж бүрдэж, төв банк бодлогын хүүгээ 1.5 пунктээр бууруулаад байгаа.
Хоёр хоногийн өмнө Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад айлчилсан. Энэ үеэрээ 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдож, Япон улсын зүгээс Монголд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох үүрэг хүлээсэн юм.
Харин хүүхдийн 20 мянгыг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргасан Засгийн газарт ОУВС-гийн шинжээчид ямар дүн тавих вэ гэдэг хамгийн их анхаарал татаж байна.
ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN