Боксын дэлхийн аваргын тэмцээн ОХУ-д болно
2018 онд болох Олон улсын боксын холбооны /AIBA/ их хурал болон 2019 оны эрэгтэйчүүдийн боксын ДАШТ-ийг ОХУ-д зохион байгуулахаар болжээ. Ийм шийдвэрийг даваа гарагт Москва хотноо болсон AIBA-гийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр гаргасан байна.
Эдгээр арга хэмжээг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Украин, Турк, Энэтхэг, Таиланд улс өрсөлдсөн ажээ. Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр Энэтхэг улсад 2018 оны эмэгтэй боксчдын ДАШТ болон эрэгтэйчүүдийн 2021 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг олгосон байна.
АИБА-гийн шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын шадар сайд Виталий Мутко хэлэхдээ “Орос улс спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах тал дээр ихээхэн туршлагатай учраас Сочи хотын өгсөн мэдүүлэг ямар ч эргэлзээ төрүүлээгүй” гэлээ. Тус улсын Спортын сайд Павел Колобковын хэлснээр, Сочи хот Олимпын уламжлалтай учраас ДАШТ-ийг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтцийг бий болгож чадсан байна.
Дашрамд дурдахад, ОХУ хамгийн сүүлд 1989 онд эрэгтэйчүүдийн боксын ДАШТ-ийг зохион байгуулж байжээ. Тухайн үед Зөвлөлтийн тамирчид 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл хүртэж байв.
Эх сурвалж: www.TODAY.mn