Парламентын “бялзуухай” нарт ёс суртахууны хичээл заагаач...
Сүүлийн үед парламентын гишүүдийн ёс жудаг гэж алдагдлаа. Ялангуяа УИХ-ын залуу гишүүд төрийн ажил хийх гэж биш түмэн олондоо эрхэлж, төрийн хангамжинд бялхаж суухыг илүүд үздэг болжээ. Тиймдээ ч залуу гишүүдийн паян төрийн ордноос эхлээд төрсөн нутагт нь хүртэл хөвөрсөөр байна. Ямарсайндаа л Төрийн ордон дотор УИХ-ын гишүүн Д.Гантулга “Би бандаашаа орхиогүй. Өмсөөд гарсан” хэмээн тайлбарлаад зогсож байх вэ дээ.
УИХ-ын гишүүн хүн хүчингийн хэрэгт холбогдчихоод байхад харьяа нам нь ч, хууль хяналтынхан ч таг чиг байх юм. Дарь нь дээр давс нэмэх гэсэн мэт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы үеэр дарвайтлаа бохь зажилж, адаг сүүлдээ “Би та нараас гуйж сонгогдоогүй шүү” хэмээн ард түмэн рүүгээ дайрч, давшиллаа.
Түүний паян ч гэх үү, ёс суртахуунгүй үйлдэл ч гэх үү энэ байдал ингээд дуусахгүй. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа мөн л төрөлх зангаа гаргаад авсан. Тодруулбал, Төрийн дуулал эгшиглэх үед хүн бүр зүрхэн дээрээ баруун гараа тавьж байхад Н.Амарзаяа гишүүн хээв нэг утсаар яриад зогсож буй зураг олныг шуугиуллаа.
Төр түмний итгэлийг хүлээж сонгогдсон хүн ийм байж болохгүй. Эрхэлсэн ажлаа хүндэтгэж, чин сэтгэлээсээ хандах ёс суртахууныг хүн бүр мэднэ. Хэчнээн чухал ажилтай ч гэсэн албан ёсны үйл ажиллагааны үеэр гар утасныхаа дууг хаах, Төрийн дуулал эгшиглэж байвал утсаа авахгүй байх нь төрийн хүнд заавал байх ёстой ёс суртахууны нэг.
Эрхэлсэн ажилдаа үнэнч байхыг соёл, урлагийнхнаасаа ядаж суралцмаар юм даа. Жүжгийн тоглолт эхэлчихсэн байхад төрсөн аав, ээж нь хорвоогийн мөнх бусыг үзсэн тухай гашуун мэдээг дуулчихаад тоглолтоо дуусан дуустал оногдсон дүрдээ орж, ажлаа дуусгачихаад явсан бахархам түүхүүд байдаг шүү дээ.
Хэчнээн ар гэрт нь уй гашуу тохиосон ч үзэгчдээ хүндлэн тоглолтоо дуусгаад явах тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ, ёс суртахуун тэдэнд байна. Гэтэл бүхэл бүтэн гурван сая иргэдийн итгэлийг хүлээн амьдрал, хувь заяа, ирээдүйг нь гартаа атгачихаад сууж байгаа төрийн түшээдүүдэд ёс суртахуун гэж алга.
Ядаж өмнөх буруу үйлдлээсээ суралцаж, алхам бүртээ үг, үйлдлээ цэгнэж явмаар юм даа. Аль эсвэл парламентын хэдэн “бялзуухай” нартаа ах эгч нар нь улс төрчийн ёс суртахууны хичээл заагаач. УИХ-ын гишүүн болбол үг үйлдэл бүр минь хүмүүсийн нүдэнд ил байна гэдгийг ч өөрсдөө мэдэж авмаар юм. Өөрсдийнхөө буруу үйлдлийг зөвтгөх гэсэн мэт “Та нарын сонголт” хэмээн ард түмэн рүүгээ чичилж суудаг ёс суртахуунгүй хүмүүс л улс төрд дурлаж байна.
Ард түмэн яаж мэдэх вэ дээ. Сонгуулийн компанит ажлынхаа үеэр тойргийнхоо иргэдийг өргөөд гүйчих нь үү гэлтэй найланхай зан гаргаад байхаар чинь. Манай улс шиг УУИХ-ын гишүүд нь даварсан улс алга. Буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээгээд, ард түмнээсээ уучлал гуйн огцорч байна.
Тиймээс ядаж энэ хэдэн гишүүддээ намын удирдлагууд нь арга хэмжээ авч, ёс суртахууны хичээлд суулгадаг болмоор байна. Тэгэхгүй бол парламентын “бялзуухай” нарын ёс суртахуунаа уландаа гишгэж, ард түмнээ үл тоосон байдал хэрээс хэтрэх нь.
Эх сурвалж: mminfo.mn