21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоног эхэллээ

2017 оны 07 сарын 31 нд

           Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.

          Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж хүүхдийн дундах өвчлөл ихэсч байна.

       Ингэж буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байна.

        Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсанаас хойш уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй байсан билээ. Тэгвэл олон улсын жишигт нийцүүлэх замаар дээрх хуулийг шинэчлэн найруулж, 2017 оны 5-р сард Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль болгон баталснаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих том алхам болсон. Ингэхдээ эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан.

          “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн энэ жилийн уриа агуулга нь эхийн сүүгээр хооллолтын дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Дээрх уриалга, санаачлагыг дэмжиж үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого, зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хууль бус импортлогч нар болон далд сурталчилгаатай хамтран тэмцэх САЙН ДУРЫН үүрэг амлалтад нэгдэж байгааг талархан хүлээн авч байна. 

       Тиймээс эхийн сүүгээр хооллолтын үр өгөөжийг зөвхөн хүүхэд төдийгүй улс орнууд хүртэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, бусад түнш байгууллагууд бүгд нэгдэн хамтдаа ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ эхийн сүүгээр хооллолтыг дэмжих улс төр, санхүү, хууль эрх зүй, олон нийтийн нөөц бололцоог зэрэг дайчилж чадвал, ээжүүд, хүүхдүүд, цаашлаад нийгэм тэр чигтээ үр өгөөжийг нь хүртэх болно. Улмаар хүүхдийг эхийн сүүгээр хооллолт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.

       Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.

Тухайлбал: 

1, 8, 10-р зорилтууд нь ядуурлыг устгах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг арилгахад чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засагт жил тутам нэмэлт 302 тэрбум ам.долларын орлого буюу дэлхийн үндэсний нийт үйлдвэрлэлийн 0.5%-тай тэнцэх хувь нэмэр оруулах боломжтой.

2, 3-р зорилтууд нь өлсгөлөнг устгах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн амь насыг аврах нэн чухал арга хэмжээ бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг. 

4-р зорилт нь боловсролд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг бөгөөд дэлхий дахинд дэвшүүлсэн боловсролын зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулах боломжтой.

5-р зорилт нь жендэрийн тэгш байдлыг дэмжинэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь жирэмслэлтийн хугацааг холдуулах, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн ажлын байрны эрх зэрэг нийгмийн тэгш байдлыг хангах гол чухал асуудлуудтай салшгүй холбоотой.

12-р зорилт нь тогтвортой хэрэглээг дэмждэг. Хүүхдиийг эхийн сүүгээр хооллох нь эхийн сүүг орлуулагч үйлдвэрлэх эрэлт хэрэгцээг хязгаарлах бөгөөд эхийн сүү нь маш бага экологийн ул мөр бүхий нөхөн сэргээгддэг нөөц юм. 

 

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0