21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Намрын чуулган тусгай дэгд шилжих үү

2017 оны 08 сарын 01 нд

      Найр наадам үргэлжилсэн зуны дэлгэр сар хэдий ч улс орны амин чухал асуудлыг хөндсөн томоохон хэлэлцүүлэг өрнөж байна. Парламентат засаглалтай болсон 25 жилийн хугацаанд бид шинэ Үндсэн хуулиа баталж, ягштал баримталж ирсэн.

        Өнгөрсөн хугацаанд олон хууль үе үеийн парламентаар батлагдан, нийгэм, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим нь анх батлагдсанаасаа тэс өөр өнгө, агуулгатай өөрчлөгдсөөр ирсэн. Басхүү батлагдсанаасаа хойш ганц ч удаа хэрэгжээгүй хууль ч бий. Тухайлбал, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль нийтэд хэрэглэгдээгүй ч нэмэлт өөрчлөлт оруулсан удаатай.

         Ердийн хуулийн хэрэгжилт манайд хангалтгүй байдаг. Харин шинэ Үндсэн хуулийн тухайд нийгмийн шилжилтийн үеийн толь болж байлаа. Тиймээс ч ард нийтээрээ шинэ Үндсэн хуулиндаа “Монголын ард түмэн бид -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн зарлан тунхагласныг мөрдөн хэрэгжүүлж ирсэн. 

      Үндсэн хуулин дахь хүний эрх, эрх чөлөөг хангах “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг ягштал цээжилж, амьдралын мөрдлөгөө болгосоор ирсэн билээ.

       Хэрэв аль нэг шатанд Үндсэн хуульд харшлах асуудал гарвал хэн нэг иргэн Үндсэн хуулийн цэцэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

      Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиндаа нэг удаа 7 өөрчлөлт оруулсныг өнөө ч сайн уу, саар уу гэж маргасаар байдаг. Ямартай ч энэ удаад Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж төр, засгийн зүгээс ч, олон нийтийн зүгээс санал нэгдэж, төслийн хэлэлцүүлгийг явуулж байна.

     Сөрөг хүчин АН-ын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зөвлөлдөх уулзалтаар бус Ард нийтийн санал асуулгаар шийдэх шаардлагатай гэсэн байр сууриа юун түрүүн илэрхийлээд байгаа. Зөвлөлдөх санал асуулга явагдах хугацаанд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, парламент Ардын их хурал, бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудал хүчтэй яригдаж, олны анхаарлын төвд байсан

       Харин зөвлөлдөх санал асуулгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг 1 удаа, 6 жилийн хугацаатай, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох саналыг асуулгад оролцогчид дэмжээгүй байна. Мөн парламентын хоёр танхимтай байх асуудлыг эхний шатанд дэмжсэн ч хоёр дахь шатанд дэмжигдээгүй.

        Хэдийгээр гадаадын сонгодог парламент хөгжсөн орнуудад Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог ч улстөр төр судлаач, хуульчид үзэж ярьдаг. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болвол сонгуулийн төсөв, зардал хэмнэгдэнэ гэж үзэх хэсэг ч байдаг. Гэхдээ энэ нь манай орны онцлог нөхцөлд тохирох цаг нь мөн үү. Нөгөөтэйгүүр парламентыг хоёр танхимтай байх асуудлаар иргэд төдийгүй хуульч, улстөрч судлаачдийн дийлэнх нь эсэргүүцсэн байр суурьтай харагдсан. Ардын их хуралтай байх нь ухралт, өмнөх нийгэм рүү эргээд орох үйлдэл, цаашлаад хоёр төсвийн зардал нэмэгдэнэ гэж толгой сэгсрэн, хүлээн авч байсан. Харин хоёр танхимын оронд одоо байгаа парламентаа сайжруулах талаар хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

      Харин энэ удаагийн олон нийтийн хэлэлцүүлгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөс хэд нь дэмжлэг авах нь намрын чуулгантай зэрэгцэх мэдэгдэх байх. Намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэн баталдаг. Цаг хугацаатай, хуваарийн дагуу батлагддаг хуулийн төслүүд зэрэгцэн намрын чуулган парламентын хувьд ачаалал ихтэй. Энэ удаад эрх баригчдын дотоод асуудал ч төр, засгийн хүрээнд өөрчлөлт хийхэд хүргэх талтай. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулвал намрын чуулганы хугацааг сунгах магадлалтай. Учир нь Үндсэн хуулийг тусгай дэгээр хэлэлцэх заалттай.

       Тиймээс Үндсэн хуулийг хэлэлцэх үед бусад асуудал хойш тавигдана.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0