21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

60 тэрбумын бичлэгийн хохирогч МАН-ын сонгуулийн штаб болж таарлаа

2017 оны 06 сарын 16 нд

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХУДЛАА ХЭЛСЭН Ч ШУУД БАРИГДЛАА-

“Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн байранд гал гарч, олон нийт “Үндэсний үйлдвэр минь хөөрхий” хэмээн халагласаар унтаж амрах зуурт дахин шинэ сенсааци дэгдэв. Хар нүд хуулахтай зэрэгцээд Н.Энхбаярын баривчилгаатай дүйцэхүйц,цагдаа хүчнийг хамарсан дахин нэг баривчилгаа зохион байгуулагдах нь гэсэн айдаст автлаа. Ингэснээр өчигдөржин нийгмийн сүлжээнд улстөрийн намуудын ээлжит мэдэгдэл хөвөрч, Г.Доржзодовыг өмнө нь “Болд” гэх нэртэй байсан зэргээр мэдээлэв.

Сонирхолтой нь, “Оргил” хотхоны ойролцоо эргэлдэж, шөнийн 01:00-04:00 цаг хүртэл ил далд хэлбэрээр саатуулах бэлтгэлээ хангасан цагдаагийнхан өглөөний 08:00 цагийн үед “Аавынх нь хүсэлтээр хамгаалалт авсан” гэж мэдэгдэв. Үүнтэй зэрэгцээд Г.Доржзодов “Манай аав, ээж болон миний бие ямар нэгэн байдлаар хамгаалалт хүсээгүй” гэж үгүйсгэснээр цагдаагийнхан улайж байгаа юм. Улмаар үдээс өмнө нь МАН-аас мэдээлэл хийж, “Бид хүсэлт гаргаж, Г.Доржзодовыг хамгаалуулсан” гэж тайлбарлалаа.

Мэдээж энэ хооронд олон зүйл болсон. Холбогдох хуулийнхаа хүрээнд баривчлан саатуулах үйл ажиллагааөглөөний 06:00 цагаас шөнийн 22:00 цагийн хооронд явагдах учиртай. Яг энэ дагуу өглөөний 06:00 цагт Г.Доржзодовын түр нуугдаад байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн  гэрийн үүдийг тогшчээ. 

Ц.Оюунгэрэлийн нөхөр АНУ-ын иргэн тул “Би АНУ-ын Элчин сайдын яаманд л хаалгаа тайлна” гэж мэдэгдсэнээр саатуулах ажиллагаа нам зогсоход хүрсэн байна. Ингээд “Ичсэн хүн хүн ална” гэгчийн үлгэрээр ажлын цаг эхлэхийн өмнө “Хамгаалалтад авсан” гэж тайлбарлав.

dorjzodow

-ЕВРОПЫН ХОЛБОО, АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫХАН АЖИГЛАЛТ ХИЙЖ, 
МАНАЙ УЛСЫН АРДЧИЛЛЫГ ДЭЛХИЙН НҮДЭЭР ДҮГНЭВ-

Хамгаалалтад гарахаар ирсэн цагдаа нарын машины ойролцоо эмнэлгийн тэрэг байсан нь анхаарал татав. Өөрөөр хэлбэл, хүний бие махбодод гэмтэл учирч болзошгүй байдлаар саатуулах ажиллагаа зохион байгуулагдана гэж тооцоолж, түргэний тэрэг авчирч зогсоосон байх бүрэн үндэслэлтэй. Хэрвээ үнэхээр хамгаалахаар ирсэн бол юуны түргэний тэрэг хэрэг болоо аж. Гол нь, цагдаагийн байгууллага нь хүртэл худлаа хэлсэн үйл явдлыг Европын холбооны ажиглагчид болон АНУ-ын Элчин сайдын яам ажиглажээ. Манай ардчилсан нийгмийн тогтолцоо бодит байдал дээр хэрхэн саармагжиж буйг тэд дэлхийн нүдээр харсан нь энэ байлаа.

АНУ-ын Элчин сайдын яамны албаны тэрэг автомашин нэвтрэхийг хориглоод байсан цэг рүү орохоор ирэхэд манайхан шууд хаалга онгойлгож өгсөн мэдээлэл байна. Элчингийн тэрэг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрийн үүдэнд зогсож, албаны хүн нь орж уулзахад манай цагдаа нар хараад л зогсож байж.

Нэг талдаа иргэнийхээ эрхийг ийм өндөрт өргөж, нэгж иргэндээ өндөр ач холбогдол өгч буй ардчилал хөгжсөн орны сайн жишиг. Нөгөө талдаа Монгол Улсын цагдаагийн байгууллага монгол иргэнийхээ эрхэнд халдахыг завдахдаа “Америкчуудаар наадаж болохгүй” гэдгийг яг таг мэдэж байсан үйлдэл энд давхцаж өнгөрлөө.

Элчингийн ажилтны гарч ирээд хэлсэн үг нь “Бид иргэнтэйгээ уулзлаа. Өглөөнөөс хойш иргэнтэйгээ холбоотой байгаа” гэх утга бүхий товчхон өгүүлбэр. Ингэж цагдаагийн байгууллага, эрх баригч нам хоёр нэгнийхээ нэр хүндийг навс унагаж, хэн нь худлаа хэлээд байгаа нь ойлгогдохоо больсон нэг өдөр өнгөрлөө. Мөнхүү цагдаагийн байгууллагаас мэдэгдэл хийхдээ илтэд эрх баригч намыг өмгөөлж, хэргийг тогтоогдсон мэтээр мэдээлсэн нь шоглож хэлвэл “мэргэжлийн өндөр түвшнийх” байв.

dorjzodow

60

-60 ТЭРБУМЫН БИЧЛЭГИЙН ХОХИРОГЧ НЬ М.ЭНХБОЛД, Ц.САНДУЙ, 
А.ГАНБААТАР НАР БОЛЖ ТААРЛАА-

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Иргэн Г.Доржзодовт “Женко”-гийн талынхан халдах гэж завдсан тул цагдаагийнхан хамгаалалт авсан байна” гэж мөн өдрийн өглөө жиргэв.

Ийм утга бүхий жиргээг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мөнхүү хийлээ. “За яах вэ, цагдаагийн байгууллагад эрх баригч намын зүгээс иргэнийхээ аюулгүй байдалд анхаарах зорилгоор хамгаалах чиглэл өгсөн байж болно”. Олон нийтэд ойлгуулахыг хүссэн гол өнцөг нь чухамдаа энэ байв.

Хууль сөхөж харвал, Гэрч, хохирогчийг хамгаалах тухайн хуулийн 20.1-д “Аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх үндэслэл нь гэрч, хохирогчийн хүсэлт, эсхүл өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгчийн бичгээр гаргасан санал байна” гэж зааж өгчээ. Хуулийн энэ гаргалгаанаас үзэхэд Г.Доржзодовыг хамгаалалтад авах хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн штаб тэгэхээр ямар субъект болж таарах вэ. Тэд лавтай Г.Доржзодовын өмгөөлөгч, гэрч, мөрдөгч, прокурор, шүүгч нь биш. Эсвэл хохирогч нь юм уу.

Хохирогч бол гэрчийг хамгаалалтад авах тухай хүсэлт гаргах эрхтэй. Энэ өнцгөөс харахад, 60 тэрбумын бичлэгт дуу хоолой нь хураагдсан МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар хохирогч болж таарав. УИХ-ын сонгуулийн өмнө ярилцсан энэ бичлэгээс хойш олон зүйл өөрчлөгдсөн.

МАН засгийн эрхэнд гарч, энэ бичлэг дээрх 60 тэрбум цуглуулах төлөвлөгөө жинхэнэ утгаараа хэрэгжсэн гэж хардах бүрэн үндэслэлтэй. Тийм байхад, энэ хэргийн хохирогч угтаа ард түмэн, татвар төлөгчид, тэдэнд итгэж саналаа өгсөн сонгогчид нь баймаар санагдах. Энэ өргөн утга онхи орхигдов.

Г.Доржзодовыг “Монгол Сноуден” гэж үзэх олон хүн байна. Түүнийг МАН-аас 20 сая авсан, “Женко”-гийн бууны нохой гэхчилэн элдвээр цоллож буй. Мэдээж залуу хүн, харилцааны хувьд алдаа эндэгдэл гаргаж, аманд нь унасан байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талд Г.Доржзодовыг шууд байдлаар заналхийлсэн, ядаж Ц.Оюунгэрэлийн гэрт нуугдсаныг мэдэж отолт хийсэн зэрэг нь жинхэнэ эрсдэл буйг харуулна.

Тэр эцсийн мөчид ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын санал болгосон сая ам.доллараас татгалзаж, баримтыг олон нийтэд тэр чигт нь дэлгэлээ. Дунд нь эргэлзээ, болгоомжлол, тээнгэлзэл ч байсан нь тодорхой. Гэхдээ тэр хүн ёсныхоо үүднээс зөв байдлаар сонголтоо хийжээ. Одоо үүнийг сонгуулийн сурталчилгааны хэд хоногт сөхөөд хаячихалгүй, буруу бусармаг үйлдлийг шүүхийг шаардах, бодит үр дүнд хүрэх асуудал олон нийтийн дунд үлдлээ.

Ж.МЯДАГБАДАМ

dorjzodow

dorjzodow

ЭХ СУРВАЛЖ: WWW.MEDEE.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0