Засгийн толгой, Намын толгой, Загасны толгой гурав заримдаа адилхан...
Нэг хүнд хоёр бохирчихсон намын даргатай МАН-д шинэчлэлийн асуудалдаа толгой гашилгахаас өөр арга зам үлдсэнгүй. Хүүхдэд мөнгө олгож, утга зохиол, урлаг, спортын өнгөтэй өөдтэй харагдах хүн болгоныг сонгуульдаа “зарлагын падан” шиг ашиглаад ч гарч ирээгүй намын даргаа солихоор тэд эрс шийдчихлээ. 1996 оны УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээснийхээ маргааш намынхаа боловсон хүчний асуудлыг шинэчлэхэд нэг анхаарсан. Тухайн үед МАХН нэртэй байсан тус намын гишүүдийн эгнээнд зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлчихдэг, намынхаа удирдлагуудын өмнө хулгахгүйгээр ярьчихдаг залуус орж ирсэн байдаг. Тэр л залуус 1997 онд МАСЗХ буюу өнөөдрийн НАМЗХ үүсгэн байгуулж, /үндэс суурь нь 1990 онд тавигдсан юм билээ. Түүнээс өмнө мэдээж МХЗЭ нэртэй байгууллагын зарим оролцоо байсан л даа./ намыхаа шинэчлэлийн эхийг тавьсан.
Хөгшчүүлийн нам, хуучинсаг үзэл сурталтай... гэсэн шүүмжлэл, дургүйцэлтэй тулгарч, цаашид оршин тогтнох эсэх нь тодорхойгүй болоод байсан МАХН-ыхны өмнөх хонгилын үзүүрт гэрэл гаргасан хүмүүс үнэндээ МАСЗХ-ны хэсэг залуус л даа. Энэ залуус МАХН-д орж ирснээр 1993 оны үед жилд 280 орчим шинэ гишүүн элсүүлж байсан тоог 1996 оны зөвхөн эхний улиралд 1800 гаруй гишүүнийг элсүүлж эрс өсгөн, хүрээгээ тэлсэн гавьяаг намдаа байгуулж байв. Ер нь тухайн үед У.Хүрэлсүх, Б.Энхмандах, Ж.Энхбат, Ц.Батбаяр нарын залуусын зоригтой, шийдэмгий алхам л намагт шигдчихсэн, хөшүүн, хойрго МАХН-ыг урагш явах замд оруулсан байдаг. Яг үнэндээ гишүүд дэмжигчид нь уйдаж залхаад АН руу хараад зогсчихсон байсан гэхэд хилс болохгүй. Залуус бол ардчиллын тухай ярьж, “Хонхны дуу”-г хоороор дуулж байлаа шүү дээ. Энэ үед МАХН-ын аврал болж гарч ирсэн хүмүүс бол гарцаагүй У.Хүрэлсүх тэргүүтнүүд.
Тэдний ачаар Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабанди үнэмлэхүй ялалт байгуулж, МАХН-ныг ард түмэн өөр нүдээр харах болов. Дараа дараачийн сонгуулиудад ч МАХН ялсан. Гэхдээ шинэчлэл бүрэн дүүрэн хийгдэж гүйцээгүй гэдгийг эрхтэн дархтануудын үйлдэл бүрээс харагдаж байсан биз. МАХН-ын хагарал эцсийн дүндээ МАН, МАХН гэсэн хуваагдлаар дууссан. Эзэндээ үнэнч нь МАХН-ыг дагаж, нөгөө хэсэг нь МАН-ыг түшсэн. Намын хуваагдал ч “үр шим”-ээ УИХ-ын сонгуулиар өгч ялагдал авч ирсэн ч эцсийн эцэст 2016 онд ард түмэн МАН-д бүрэн итгэлээ өглөө. Харамсалтай нь сонгуулийн маргаашнаас ард түмний итгэл буурав. МАН-ын даргаар хуучирч хоцрогдсон М.Энхболд... УИХ-д даргад мөнөөх л М.Энхболд...
Сонгогчид үнэндээ түүнд ясны дургүй гэдгээ нэг сонгуулиар хоёронтоо нотлов. Ялахын тулд их ч зарлага гаргасныг хүн бүр үйлдэл бүхнээс нь олж харж дүгнэж цэгнэсэн биз. Учир нь үл тайлагдах их мөнгөний асуудал, сонгуулийн дараах уулзалтын бичлэг, сандал ширээний төлөөх яриа хөөрөө, бүр сүүлд нь мэтгэлцээний булхайн асуудалд ч нэр нь хутгалдав. Түүнийг дагаад Засгийн газрын нэр нүүр, намынх нь карерь аажим аажмаар доошилсоор өнөөдрийн байдалд хүрлээ. М.Энхболд даргыгаа, жудагтай, С.Баярт шууд л элэг бүсээ тайлаад өгчихсөн удаатай... энэ тэр гээд өөрийнх нь “улаан фен”-үүд шуугидаг л даа. Энэ удаад хэрхэх нь олны нүдэнд тод байна. Өөрийн хүн гэгддэг Ж.Эрдэнэбатыгаа намын даргын сунгаанд сойчихоод чимээгүйхэн уяагаа эргэж явна. Өөрийнх нь хүн ялбал өөрөө л ялсантай агаар нэг. МАН-ын нөхдөд ганц л зам үлдсэн.
Намынхаа нэр хүндийг авч үлдэх цаашлаад Засгийн газар, улс эх орныхоо төлөө зоригтой алхам хийх, хэнбгуайн ч өөдөөс эрсхэн ярьчих хүнээ л намын даргаараа сонгочих. ОУВС-ийнхан энэ засгийн тэргүүнд хэн суугаад байгааг илэрхийлж өгчихөөд явчихлаа. Эрх барьж байгаа намын хувьд ийм л УИХ-ын даргатай, Засгийн газрын тэргүүнтэй байна. Засгийн толгой, Намын толгой, Загасны толгой гурав заримдаа адилхан бас амархан ялзарчихаад байдаг юм гэдэг. Намдаа шинэчлэл хийхийг үнэхээр хүсээд байгаа бол Засаг толгойлж байгаа нөхдөө буулгаад засаж сайжруулаад, эмхэлж цэгцлээд аваад явчихаар хүнээ намын даргаараа сонгочих. МАН-ын даргад тэнцчихээр хүн өнөөдөртөө У.Хүрэлсүх л байна даа.
Эх сурвалж: news.zindaa.mn