21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Нэр дэвшигч С.ГАНБААТАРЫН "ИХ АЯНЫГ ЭХЛЭХҮЙ" мөрийн хөтөлбөр

2017 оны 06 сарын 16 нд

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд

             МАХН-аас нэр дэвшигч        Сайнхүүгийн Ганбаатарын “Их аяныг эхлэхүй” Мөрийн хөтөлбөр

Эх сурвалж: МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн Төв штаб

Нэг. Хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл ба ядуурлыг арилгана

Өнөөдөр Монголд ам, ажил хоёр алд дэрэм зөрдөг болжээ. Хэлдэг атлаа хийдэггүй, ярьдаг атлаа хэрэгжүүлдэггүй байдал гэм биш зан болжээ. Энэ бол хариуцлагагүй, хамаг монголчуудаа боддоггүй төр засаглаж байгаагийн нэгэн шинж тэмдэг.

Өнөөдөр Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан монголын залуус эх орноосоо дайжин гарч байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байна гэсэн үг.

Өнөөдөр Монголд ажилгүйдлийн гамшиг нүүрлэсэн учраас ядуурал монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Талхыг хэрчмээр, тос цөцгийг граммлаж авдаг, дэлгүүр хоршоонд иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ барьцаа болгон үлдээдэг айл өрхийн тоо улам бүр олширсоор байна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр зураг юм.

Монгол Улсаа, монголчуудаа гэсэн нэр нь, ажил нь, зорилго цэвэр, хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй.

Сайнхүүгийн Ганбаатар би үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Шийдвэрлэж  ч чадна.

Хоёр. Олигархиуд ба оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтооно

Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна. 

Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой.

Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.

Хууль, шүүхийн байгууллагад дээрээс даалгавар өгдөг, хөндлөнгөөс нөлөөлдгийг таслан зогсоож шударга ёсыг сэргээх учиртай.

Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Шударга ёсыг тогтоохгүйгээр юуг ч амжилттай шийдвэрлэж чадахгүй.

Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна. Хориннэгдүгээр зууны Монгол Улсын иргэн Сайнхүүгийн Ганбаатар би шударга ёсыг Монголдоо тогтоохын төлөө тууштай зүтгэнэ. Хорьдугаар зууны эхэн үеийн харц Ард Аюуш шиг шударга бусыг сөрж тэмцэнэ. “Надад есөн эрүү” тулгасан ч би бууж өгөхгүй. Давж гарна. Би чадна. Та бид хамтдаа чадна.

Гурав. Ард түмний амин эрх ашгийг дээдэлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэнэ

Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улстөрийн намууд худал хэлж,  хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Тэдний эрх ашигт би үйлчлэхгүй. Нэгэнтээ би: “МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж хэлсэн. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашиг бол миний хувьд Бурханы зарлиг. Би энэ зарлигийг биелүүлнэ. Эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна.

Нийгмийн харилцаанд зөвшилцлийг эрхэмлэдэг соёлыг нэвтрүүлнэ. Зөвшилцлөөс бүгд хожино. З талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргана.

Дөрөв. Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, Монголынхоо төлөө зүтгэнэ

Монгол бол миний бахархал. Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй бол та бид өөр юугаараа бахархах билээ. Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн. 

Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Энэ хувь заяандаа бид үнэнч байх ёстой. Би Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе.

Тав. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн

Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд  босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл.

Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн. 

Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. 

Зургаа. Монгол хүн Монгол эх орныхоо эзэн нь байна

Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.

Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой.

Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой. Би тэр гурван сая эзний нэг нь. Та бид энэ улс орны эзэд. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй.

Долоо. Ам ба ажил, үг ба үйл хэргийн нэгдлийг хангана

Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. “За гэвэл ёогүй” гэж монголчууд ярьдаг. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ.

Надад Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө бий. Надад ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий.

Найм. Эх орныхоо өмнөх тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэнэ

Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн. Зах зээлийн эдийн засгийн захгүй далайд сэлүүргүй завь лугаа адил салхинд туугдаж, давалгаанд цохиулан хөвж яваадаа цэг тавих  цаг болсон.

• Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг хот, хөдөөгүй нэвтрүүлцгээе!
• Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе!
• Нийслэл Улаанбаатар хот, бусад хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!
• Үүний тулд шударга ёсыг газар сайгүй сэргээе. “Дүр эсгэсэн ардчилал”-ыг таягдан хаяж жинхэнэ ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлцгээе!
• Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё!
• Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!
• Хэрүүл тэмцэл, хэлцэл талцлыг зогсоож, эв нэгдлийг эрхэмлэн батжуулцгаая!

Ес. Мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ.

Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина. 
Монгол ахан дүүсээ!

Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархаж  Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе. 

Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн!

Монгол хүн Тандаа би итгэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид  МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар

Гэрэл зургийг mpa.mn

ЭХ СУРВЛАЖ: http://www.ikon.mn/lr/111w



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0