21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Францчууд Тэргүүн хатагтайгаа эсэргүүцэж байна

2017 оны 08 сарын 08 нд

    Францад Ерөнхийлөгч Эммануэл Макроны эхнэр Брижит Макронд Тэргүүн хатагтайн шинэ эрх өгөхийн эсрэг шуугиан үүсээд байна. Түүний шинэ статусыг нь батлахын эсрэг өргөх бичигт 250 мянга гаруй хүн гарын үсгээ зуржээ. “Ассошейтэд пресс” агентлаг энэ талаар Францын парламент дахь эх сурвалжаас үндэслэн мэдээлэв. Францчууд Тэргүүн хатагтай нь төсвийн мөнгөнөөс хэрэглэхийг эсэргүүцэн ийнхүү өргөх бичиг барьжээ.

    Хуульчид Тэргүүн хатагтайн статусыг зохицуулсан шинэ дүрэм боловсруулж байгаа аж. Дүрэмд Тэргүүн хатагтай төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргана гэж тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ заалтыг хүчингүй болгохоор олон мянган гарын үсэг цуглуулсан байна.

    Ерөнхийлөгчийн эхнэр улсын төсвөөс мөнгө зарлагадаж болохгүй гэж францчууд үзэж байна. Тэд “Ерөнхийлөгч Эммануэл Макрон эхнэр нь Тэргүүн хатагтай болсноор олон нийтийн өмнө үүрэг хүлээнэ гэж хэлж байсан. Гэхдээ энэ нь татвар төлөгчдийн мөнгөнөөс авна гэсэн үг биш” гэж өргөх бичигтээ өгүүлжээ.

   39 настайдаа Францын Төрийн тэргүүн болсон Э.Макроны эхнэр Брижит олны анхаарлыг ихээр татдаг. Тэрбээр Эммануэлээс 24 насаар эгч, сургуульд франц хэлнийх нь багш байсан юм. Дунд сургуульд байхаасаа багшдаа дурласан Э.Макрон Брижитийг гурван хүүхэдтэй болж, нөхрөөсөө салсан байхад нь эхнэрээ болгон авч чаджээ. Тэдний дундаас төрсөн хүүхэд байхгүй ч Францын Ерөнхийлөгч зарим арга хэмжээн дээр Брижитийн бага охиныг дагуулан гурвуулаа явж харагддаг билээ.

О.Чанцаа

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0