АНУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж
- АНУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс
АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Учир нь АНУ-д зорчих визийг тус улсын Төрийн департамент олгодог бол тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг. Тодруулбал, Гааль, хилийн албаны ажилтан тухайн иргэн АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй, эсхүл тухайн иргэнд олгосон визийн ангилалд дурдсанаас өөр зорилгоор ирж байна гэж сэжиглэсэн тохиолдолд АНУ-д нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Гааль, хилийн ажилтны болон бусдын анхаарлыг татахуйц хувцаслах, анхаарал татах эд зүйл /шашны эд зүйлс гэх мэт/ их хэмжээгээр авч явахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэн Та аяллын маршрутыг өөрчлөх (жишээлбэл, Калифорни мужийн Лос Анжелес хотод сурахаар F1 визтэй ирсэн боловч өөр муж, хотын боомтоор АНУ-д ирэх), аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.
- АНУ-д байх хугацааны талаар анхаарах зүйлс
Дээр дурдсанчлан АНУ-ын Хил, гаалийн албаны ажилтан нь тухайн иргэний АНУ-д байх хугацааг 14 хоногоос 6 хүртэл сараар зааж, паспорт дээр дарж өгдөг. Монгол иргэд ихэвчлэн B1, B2 ангиллын визтэй тус улсад орж ирээд Гааль, хилийн ажилтны зөвшөөрсөн хугацаанд эсхүл 6 сар АНУ-д үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь АНУ-ын виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Зарим тохиолдолд 10 жилийн B1, B2 визтэй боловч ийнхүү 6 сар хүртэлх хугацаагаар АНУ-д үлдэж, ажиллах, улмаар хилээр гарч дахин АНУ-д орж ирэх замаар хугацаагаа дахин 6 сараар сунгуулах зорилгоор замын зардлаа хэмнэн АНУ-тай хил залгаа орнуудад зорчиж, улмаар буцаж ирэхэд нь АНУ-ын хилээр оруулахгүй байх тохиолдол гардаг.
- Бусдын бичиг баримтыг авч явахгүй байх
АНУ-ын хилээр бусдын паспортыг авч явах тохиолдолд тухайн паспортыг Гааль, хилийн албаны ажилтан хураан авдаг бөгөөд тухайн паспорт эзэмшигчийг паспортоо биечлэн ирж, хил, гаалийн ажилтнаас ирж авахыг шаарддаг. Зарим үед ийнхүү хураагдсан паспорт, бичиг баримт нь алга болох, үрэгдэх тохиолдол гардаг.
- АНУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ
АНУ-ын хилээр 10000 ба түүнээс их хэмжээний ам.доллар биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, FinCED 105 маягтыг бөглөх ёстой. Гэхдээ гэр бүлийн гишүүд нийлээд 10000 ба түүнээс их хэмжээний ам.долларыг авч яваа тохиолдолд ч мөн дээрх маягтыг бөглөх шаардлагатай байдаг. Тухайн маягтыг бөглөж, энэ тухайгаа хил, гаалийн ажилтанд мэдэгдсэн тохиолдолд ямар нэгэн торгууль, шимтгэл төлөхгүй. АНУ-ын хуулиар тус улсын 10000 ба түүнээс их хэмжээний 10000 ам.долларын гүйлгээ хийх, биедээ авч явах тохиолдолд энэ тухай тус улсын Сангийн яамны холбогдох газарт заавал мэдэгддэг. Энэ нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм. Харин мэдэгдээгүй тохиолдолд дээрх мөнгийг хураах, улмаар захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар