Франц улс “тэргүүн хатагтай”-гүй байхаар боллоо
Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны эхнэр Брижит Макронд зориулж албан ёсоор “тэргүүн хатагтай” албан тушаал бий болгохгүй, төсөв мөнгө зарцуулахгүй гэдгээ Францын засгийн газар мэдэгдлээ.
Хэд хоногийн дараа “Ил тод байдлын журам” гэгчийг гаргаж, ерөнхийлөгчийн эхнэрийн статусыг тодорхой болгох ба ингэхдээ түүний үүрэг нь улс төрд ямар ч хамаагүй, зөвхөн олон нийтийн чанартай байхаар заасан гэж ерөнхийлөгчийн туслахууд мэдээлсэн байна.
Эхнэртээ зориулж “тэргүүн хатагтай” албан тушаалыг бий болгож, Элисейн ордны төсвөөс хуваарилах саналыг ерөнхийлөгч Макрон гаргаад байсан нь Францчуудын эсэргүүцэлтэй тулгарч, 275,000 хүний гарын үсэг хоёр долоо хоногийн дотор цугларсан юм.
Сонгуулийн үеэр Макрон ерөнхийлөгчийн эхнэрийн статус тодорхойгүй явж ирсэн байдлыг эцэс болгож, албан ёсоор байр суурийг нь тодорхойлно гэж амлаж байв. Тэр ерөнхийлөгч болонгуутаа “тэргүүн хатагтай” статусыг тодруулах даалгаврыг ажлын хэсэгт өгч байжээ.
Гэвч судалгаагаар Францын иргэдийн 68 хувь нь ерөнхийлөгчийн эхнэрт ямар нэгэн албан тушаал хэрэггүй гэж үзэж байгаа нь харагдсан юм.
Хэрвээ Брижитэд албан ёсоор “тэргүүн хатагтай” статусыг олговол тэр татвар төлөгчдийн мөнгөөр өөрийн офистой, ажилтнуудтай болох байв.
Харин одоогоор Францын ямар ч хууль дүрэм, үндсэн хуулинд ч ерөнхийлөгчийн эхнэрийн статусыг албан ёсоор заагаагүй байгаа юм.
Өмнөх ерөнхийлөгч нарын эхнэрүүд олон нийтийн, буяны үйл хэрэгт оролцдог байсан ч хөрөнгө нь Элисейн ордны жилийн 5-7 сая еврогийн төсвөөс гадуур санхүүждэг байжээ. Албаныхан дээрх шийдвэрээ олон нийтийн эсэргүүцлээс хамааралгүйгээр, зөвхөн өөрсдийн санаачилгаар гарсан гэж тайлбарлаж байна.
Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш гурван сарын дараа Эммануэл Макроны нэр хүнд олон нийтийн дунд нэлээд хэмжээгээр унасан нь энэхүү “тэргүүн хатагтайн” асуудалтай тодорхой хэмжэгээр холбоотой гэж ажиглагчид дүгнэж байгаа.
Эх сурвалж: The Guardian