21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 2

2017 оны 06 сарын 16 нд

-  Сонгогчийн боловсролд -

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван хүний мөрийн хөтөлбөрийг бид харьцуулан хүргэсээр байна. 

Өчигдөр:

  • Эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?
  • Нийгмийн онцгой анхаарал шаардлагатай хэсгүүдэд ижил тэгш боломжийг хэрхэн бий болгох вэ?
  • Шүүх засаглалыг төгөлдөржүүлэх, Шударга ёсыг сахиулахад ямар дэмжлэг үзүүлэх вэ?
  • Төрийн залгамж чанарыг хадгалах, төрийн албыг мэргэшүүлэх, чадавхжуулах тал дээр ямар бодлогын дэмжлэг үзүүлэх вэ?
  • Гадаад бодлогын гол жанжин шугам юу байх вэ? гэсэн таван асуултад хариулагдах заалтуудыг нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөр шүүн та бүхэндээ хүргээд байна. Эхний харьцуулалтыг ЭНД дарж унших боломжтой. 

Харин өнөөдөр:

  • Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого?
  • Бүх нийтийн боловсролын асуудалд хэрхэн анхаарах вэ?
  • Эрүүл мэндийн салбарын асуудалд ямар дэмжлэг үзүүлэх вэ?
  • Байгаль орчин, экологийн асуудалд хэрхэн анхаарах вэ?
  • Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэн дэмжиж ажиллах вэ? гэсэн таван асуултын хүрээнд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулан хүргэж байна. 

Уншигчид та бүхэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл мэдээллийн төгсгөлд байрлах ЭНЭ ТУХАЙ хэсгээс уншина уу.  

 

6. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• Батлан хамгаалах бодлогыг тууштай дэмжин, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
• Зэвсэгт хүчнийг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлнэ. 
• Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийг дэс дараатайгаар хийх, цэргийн байгууллагуудын уялдаа холбоо, чадавхийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. 
• Улсын хил хамгаалахад шаардлагатай хяналт, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн чадамжийг дээшлүүлнэ.
• Бүс нутагт бий болж болзошгүй террорист ажиллагаа, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн терроризмтой тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно. 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Монголын ард түмэн хүсэл зоригоороо тэмцэн бүтээсэн ардчилал, шударга ёс, хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг бататган хамгаалах бодлогыг  боловсронгуй болгож, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
• Цэрэг арми, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг эрс дээшлүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн хамтын ажиллагаа, гадаад харилцааг хөгжүүлэх бодлого, санаачлагыг дэмжих;
• НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын баримталж буй уламжлалт идэвхтэй байр суурийг цаашид ч хадгална. НҮБ-ын шийдвэрийн үндсэн дээр, түүний ивээл дор хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар цаашид ч идэвхтэй оролцох;
• Залуусын эх оронч, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “ОюутанЦэрэг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах;
 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 
7. Бүх нийтийн боловсролын асуудалд хэрхэн анхаарах вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• Иргэний боловсролыг дэмжин хүүхэд залуучуудад бизнесийн суурь боловсрол олгох санаачилга гарган хөрөнгө оруулагч иргэд бий болгоход анхаарна.
• Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргах, монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
• Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг  дэмжинэ.
• Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчинг сайжруулна.
• Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ.
 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернетийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу  ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих;
• Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрд төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачлагыг дэмжих;
• Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргах;
• Улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож,өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон хамтран ажиллах;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 
8. Эрүүл мэндийн салбарын асуудалд ямар дэмжлэг үзүүлэх вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• Эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зохицуулалтыг сайжруулах, чанар, аюулгүй байдлыг хангах бодлогыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.
• Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгон, менежментийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх бодлого санаачлан Засгийн газарт чиглэл болгоно. Эрүүл мэндийн салбарын техник, технологи, орчныг сайжруулах, эмч ажиллагсдын ур чадвар, зөв хандлага, хариуцлага, үр дүнг чухалчлах бодлогыг дэмжиж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийг шаардаж ажиллана.
• “Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах” үндэсний хөтөлбөр шинэчлэн санаачилж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.
• Багийн, оюуны болон өвлийн спорт, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарна.
• Боловсрол, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарна.   
 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоог бүрдүүлэхийг дэмжих;
• Иргэн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвүүдийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;
• Урьдчилан сэргийлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд даатгалаараа чийрэгжүүлэх төвүүдэд хичээллэх боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажиллах;
• Аливаа төрлийн өвчлөлийг бууруулах, өвчлөлийн тэргүүн эгнээнд буй хавдар, зүрх судасны өвчнийг эрт оношлох, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, эрүүл амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжих;
• Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 
9. Байгаль орчин, экологийн асуудалд хэрхэн анхаарах вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

 
• Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн унаган төрх, биологийн янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, учрах эрсдлийг бууруулах чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай  идэвхийлэн хамтран ажиллана.

• Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвшүүлэх, усны эх, ундаргыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, хэмнэх, дахин ашиглах, хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй хангах бодлогыг дэмжинэ.
• Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална.

 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

• Уламжлалт ёс заншлаа дээдэлсэн хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, экологид ээлтэй үйлдвэрлэл, эко-техник, технологийг нутагшуулж, нэвтрүүлэх бодлогыг дэмжиж ажиллах;
• Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын болон хөрсний бохирдол, усны нөөцийн хомсдол, хөрсний элэгдэл, цөлжилт, бэлчээрийн доройтолд онцгой анхаарч экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад Монгол төрийн бодлогыг хандуулж ажиллах;
• Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтанд авах, хур тунадас, гадаргын ус хуримтлуулах улсын хэмжээний усан сан байгуулах, Улаанбаатар хот орчмын гүний усыг хэмнэх, гадаргын ус ашиглах, хаягдал бохир усыг цэвэрлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг  дэмжих;
• Нэн ховор, устаж үгүй болох аюул нүүрлэсэн хийгээд гоц ашигт ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, амьд байгалийн тэнцвэртэй байдлыг хангуулж ажиллах;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

  -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 
10. Агаар, орчны бохирдыг бууруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэн дэмжиж ажиллах вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• Үндэсний аюулгүй байдлын хүрээнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон хөгжлийн чиг хандлагыг баримтлан, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана.
• Агаар, ус, хөрсний бохирдлын хор хөнөөлийг арилгахад иргэд, орон нутаг, олон нийтийн байгууллагын санал санаачилгыг дэмжиж, УИХ, Засгийн газартай хамтарч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллана.

 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Нийслэл болон хүн ам олноор төвлөрсөн хот суурингуудын агаар, хөрсний бохирдол, түүнээс үүдэн гарч буй хор уршгийг Үндэсний аюулгүй байдлын онцгой түвшинд авч үзэн үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллах;
• Түүхий нүүрс, занарыг дахин боловсруулж утаагүй хатуу түлш, шингэн түлш, эрчим хүч үйлдвэрлэх аливаа санаачилгыг дэмжих,
• Үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал, бохирыг дахин боловсруулах замаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны бохирдлыг багасгах, хамгаалах, сэргээх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах системийг бүрдүүлж, үнэлгээжүүлэх санаачилгыг дэмжиж ажиллах;
• Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд бүх төрлийн байгальд ээлтэй эко-техник, технологи /гибрид, цахилгаан машин/ татвар хураамжийг нэмэгдүүлэхийг хориглох бодлого боловсруулж хэрэгжүүлийн төлөө ажиллах;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 

ЭХ СУРВАЛЖ: WWW.IKON.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0