Европт анх удаа Швейцарь улс шавьжийг хүний хүнс болгон зарж эхэлнэ
Хүнсний тухай хуулийг шинэчилсний дараа Швейцарь улсын хоёр дахь том дэлгүүрийн сүлжээ шавьжаар хийсэн хүнсийг хүний хэрэглээнд зориулан зарж эхлэхээр болжээ.
“Supermarket Coop” нэртэй дэлгүүрийн салбарууд гурилын цохтой бургер, бөмбөлөг зэрэг хүнсийг ирэх долоо хоногоос худалдаанд гаргах гэнэ.
Шавьжаар үйлдвэрлэсэн хүнснүүд нь тус улсын Essento гэх стартап компанийн бүтээгдэхүүнүүд юм. Наймдугаар сарын 21-нээс эхлэн Женев, Берн, Цюрих хотуудад худалдаалж эхлэх юм байна.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Швейцарь улс Европт анх удаа хүний хэрэглээнд зориулж шавьжин бүтээгдэхүүн борлуулахыг зөвшөөрсөн орон болж байгаа ажээ.
Өнгөрсөн тавдугаар сард тус улс хүнсний тухай хуульдаа өөрчлөлт оруулснаар ийм боломж бүрдсэн юм. Хуулийн дагуу зөвхөн хүрэлзгэнэ, царцаа, гурилын цох гэсэн гурван шавьжийг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн. Мөн тэднийг дөрвөн үе дамжуулан хүний гараар тэжээсний дараа л хүнсэнд хэрэглэх нөхцөлтэй юм. Тиймээс шавьжнуудыг хүнсэнд хэрэглэх болтол хэдэн сар тэжээж, үржүүлэх ёстой болж байна.
Гадаадаас шавьж оруулж ирэх бол мөн л ийм шаардлагын дагуу өсгөж үржүүлсэн байх хатуу шаардлага тавьж байгаа гэнэ.
Эх сурвалж: The Guardian, www.IKON.mn