21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

АНУ-ын зарим холбоотон орны иргэд Трампаас илүү Путинд итгэдэг нь харагджээ

2017 оны 08 сарын 17 нд

            Лхагва гарагт зарлагдсан санал асуулгын үр дүнд үзүүлснээр АНУ-ын холбоотон орнууд буюу Япон, Өмнөд Солонгос, бас НАТО-гийн гишүүн Европын долоон орны иргэд Дональд Трампаас илүү Владимир Путинд итгэдэг нь харагджээ.

            Pew Research Center байгууллагын явуулсан уг санал асуулгаар АНУ-ын ерөнхийлөгчид итгэх итгэл ерөнхийдөө тун муу гарсан байна. Чөлөөт ертөнцийн тэргүүлэгч гэгддэг Америкийн Нэгдсэн Улс уг нь НАТО-гийн гишүүн орнууд болон Япон, Өмнөд Солонгосыг батлан хамгаалах чухал үүрэгтэй орон юм.

            Тэгвэл тус эвслийн гишүүн Грек, Герман, Турк, Унгар, Франц, Итали, Испаний иргэд ОХУ-ын ерөнхийлөгчийг “дэлхий нийтийн асуудалд зөв шийдвэр гаргана” гэдэгт илүү итгэдгээ илэрхийлжээ.

Харин Британи, Канад, Нидерланд, Польшийн иргэд Путинаас илүү Трампад итгэж байгаа гэж хариулсан байна. Мөн Австрали, Филиппинд Трамп давамгайлсан бол Израйльд Путиныг хамгийн их хувиар илүүрхжээ.

             Нийтдээ 37 орны иргэдийн дунд санал асуулгыг зохион байгуулснаас 60 орчим хувь нь АНУ-ын ерөнхийлөгчид итгэсэн хэвээр байгаа нь харагдсан байна. Путин, Трамп хоёрт итгэх итгэлийн зөрүү хамгийн өндөр байгаа улс нь Грек ба Герман болжээ. Грекчүүд Путинд 31 нэгж хувиар илүү итгэж байгаа гэсэн бол Германчууд 14 нэгж хувиар илүү байна.

            Тухайлбал Грекчүүдийн бараг тал нь Путиныг илүүд үзсэн бол Трампын үнэлэмж 19 хувьтай л байжээ. Германд Путин нийт оролцогсдын дөрөвний нэгийн саналыг авсан бол Трамп 11 хувийн дэмжлэг авсан байна.

             Өмнөд Солонгост Путин, Трампын саналын харьцаа 27:17 байгаа юм.

           Трамп Австрали, Канад, Британид Путиныг багахан хувиар ялсан бол Израйльд 29 нэгж хувиар илүүрхсэн нь хамгийн хол зөрүүтэй давамгайлал байлаа.

            Pew Research Center 2017 оны хоёроос дөрөвдүгээр сард улс тус бүрийн санамсаргүй сонгосон 852-2,464 иргэнээс саналыг нь утсаар болон нүүр тулан уулзаж авчээ.

Эх сурвалж: Japan Today



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0