Монголын газрын зургийн асуудлаар Олон улсын эрдэмтэд чуулна
Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг хамтран “Монголын газрын зураг, газрын нэр судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 8 дугаар сарын 24-ний Пүрэв гарагийн 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ, Г корпус/-ын 3 давхрын хурлын танхимд эхэлнэ.
Дөрөвдэх удаагийн энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд 5 орны 12 байгууллагыг төлөөлсөн 30 гаруй эрдэмтэн судлаач оролцож судалгааны үр дүнгээ танилцуулж, шинэ баримт мэдээлллийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах юм.
Чуулганаар хэлэлцэгдэх илтгэлүүд:
- “Хүннүгийн түүхэн газар зүйн асуудалд” (Б.Батсүрэн, Монгол Улс),
- “Хүн гүрний Луут хот сургийг гаргахуй” (Го.Аким, Монгол Улс),
- “Хубилай цэцэн хаан ба Дундад эртний Монголын “Баруун улс орнууд”-ын газрын зургийн тоймоос”(Э.Равдан, Монгол Улс),
- “XIX зуунд Ар Монголын баруун хойд хил өөрчлөгдсөнийг газрын зургаар нягтлах нь” (Ж.Гэрэлбадрах, Монгол Улс),
- "Японы жанжин штабын хэвлүүлсэн Ар Монголын газрын зургийн тухай" (Х.Фүтаки, Япон улс),
- “Улаанбаатар хотын анхны газрын зураг. 1928 он” (О.Одбаяр, Монгол Улс),
- “Монголчуудын мөргөлчний газрын зургийн тухай” (Б.Ж.Бадагаров, ОХУ),
- “Монгол газар усны соёлын өвийг хамгаалахын учир” (Рэнчиндорж, БНХАУ,ӨМӨЗО),
- “Шарын шашны холбогдолтой нэр, нэршил болон орон сууцны шинэ хорооллуудын нэрүүд” (Павэл Шчап, БНПУ),
- “Газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд газрын нэрийн өөрчлөлт /Баян-Өлгий аймгийн жишээгээр/”(Ц.Баттулга, Монгол Улс),
- “Малын ашиг шимээр газар нутгаа нэрлэсэн байдал” (Ч.Батсүрэн, Монгол Улс),
- “Газар нутгийн нэрээс оршин суугчийг нэрлэсэн үг demonym үүсэх аргууд” (Б.Пүрэвсүрэн, Монгол Улс),
- “Хуучин газрын зурагт туссан нэрийг орчин үеийн хувилбартай нь харьцуулах нь /Дорнод аймгийн Баяндун сумын жишээгээр/” (М.Саандар, Монгол Улс),
- “Ашигт малтмалын орд, илрэлийг байршил, нэрийн шүтэлцээний үүднээс авч үзэх нь” (Н.Одхүү, Монгол Улс) зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэнэ.
Энэ удаагийн хурал нь Монгол улс болон гадаад улс орнуудад хэвлэгдэн гарсан Монголын газрын зургууд, тэдгээрт туссан газар зүйн болон ахуй, шашин шүтлэг, зан үйлийн холбогдолтой нэрийн тайлал, утга зүйн судалгаа хийх, хэрэглээний уламжлалыг тодруулах, монголчуудын түүх, соёлын нэн чухал өв болсон газрын зургийн цаашдын судалгааны цар хүрээг өргөжүүлэхэд эрдэмтдийн анхаарал, хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Архивын Ерөнхий Газраас “Газар -Улсын үндэс” үзэсгэлэн гаргаж Монгол Улсын Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй газрын зургуудаас сонирхуулах аж.