21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

АТГ-аас БХЯ-нд ШАЛГАЛТ ХИЙЖ ТЕНДЭРТЭЙ ХОЛБООТОЙ ЦӨӨНГҮЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

2017 оны 09 сарын 26 нд

 

       Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас байгуулагдсан ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан дүнгээ өчигдөр хэлэлцүүлсэн байна. 

      Дүнг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцжээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлсэн байна.

     Тус яамны 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцахад тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрчээ.

      Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илэрсэн зарим зөрчил, дутагдлыг цаашид гүнзгийрүүлэн шалгах чиглэлээр 2 ажлын хэсэг гарган ажиллахыг даалгасан. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь нэн яаралтай оруулахыг үүрэг болгожээ. Ингэснээр тус яамны үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжтой болно гэж үзсэн байна.

     Хэлэлцүүлгийн төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ажилласан тайлангийн дүнгийн мөрөөр, энэ хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэл нэг бүрийг бид цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлж ажиллах болно. Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” хэмээн хэлжээ.

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Damdin 
/ 2017-10-02 10:16:59 /
Daatgaliin tenderiig ni mash sain shalga