21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

"Ахмадуудынхаа амьдралыг дээшлүүлэх шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг ямагт анхаарч ажиллана"

2017 оны 10 сарын 01 нд

       Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг Монголын ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ:

          “Монголын ахмадын өдөр аравдугаар сарын 1-нийг тохиолдуулан Монголын үе үеийн бахархал, үлгэр дууриал болж явдаг ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

           Ахмадаа хүндлэх, тэдний билэг сургаалыг сонсох нь монголчуудын зан чанар, өв уламжлал юм. Аливаа нийгмийн өсөлт хөгжил нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, гурван үеийнхний тасаршгүй хэлхээ, уялдаагаар л хэрэгждэг болох нь түүхээр нотлогдсон үнэн.

         Тийм болохоор ахмадаа асарч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шийдвэр, шийдлүүдийг төр цаг үргэлж гаргаж, хэрэгжүүлж байх учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ямагт анхаарч ажиллах болно.

         Ахмадууд маань монголчуудын хамгийн туршлагатай, хал үзэж юмсын ялгаа зөрөөг ойлгодог, мэдэрдэг болсон хэсгийнхэн болохын хувьд нийгмийнхээ амьдралд авч гээхийн ухааныг нэмэрлэж, улс орныхоо хөгжилд цаашдаа хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би гүнээ итгэдэг. 

          Байгууллагууд, хамт олон бүр ахмадын өдрөөр буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдний арвин их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээс хойч үедээ өвлүүлэхэд анхаарч, санаачлагатай ажиллахыг уриалж байна.

         Буянт буурлууд минь урт насалж, удаан жаргаарай. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Улаанбаатар хот

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр” гэжээ.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0