23 насандаа ЗХУ-ын баатар болсон сувилагч бүсгүйн ГАЙХАЛТАЙ ТҮҮХ
Хамгаас эрхэм хайрт Иосиф! Урт хугацааны туршид захидал илгээсэнгүйд уучлаарай. Би чамд гагцхүү үнэнийг хэлэх боллоо. Би Фронтод ирээд төдий удалгүй гар, хөлгүй болов. Чамд хайртай байсан ч мартахыг хүсч энэхүү захидлыг илгээлээ. Баяртай чиний Зина" Иосиф Марченко хайртай бүсгүй болох Зинаида Туснолобоватайгаа 1941 оны хавар танилцжээ. Тэрбээр дайны эхний өдөр фронтод явж Зина 1942 онд сайн дурын баталионд сувилагчаар явсан байна. Сувилагч төдийгүй мэргэн бууч бүсгүй 11 фашист устгаж хамгийн ширүүн галан дунд 42 шархдсан цэргийг зөөж эмнэлэгт хүргэсэн байна.
Тийнхүү гавьяа байгуулсныхаа төлөө Зина "Улаан таван хошуу" одонгоор шагнагдаж, найман сарын турш Воронежийн фронтод 123 офицер, цэргийн амь аварчээ. 1943 оны хоёрдугаар сард маш хүнд бэртсэн бүсгүй найман хүнд хагалгааны дараа хөл, гараа тайруулснаар амьд үлдсэн байна.
Хагалгаа болсноос нэлээд хойно тэрбээр энэхүү захидлаа жижүүр сувилагчаар хайртдаа хүргүүлжээ. Харин сувилагч «Уралмарш» сонинд Зинагийн тухай бичиж илгээсэн нь тус сонины эхний нүүрт хэвлэгдэв.
Зина хөл, гаргүй болсныхоо дараа "Би 23 настай. Өөрийн эх орны төлөө, ялалтын төлөө бүхнээ зориулаагүй ч үлдсэн хугацаанд хийж бүтээхийн төлөө байхыг эрмэлзэж байна. Би гар, хөлгүй болсон ч хийж бүтээх хүслээ гээхгүй" хэмээж байжээ.
Свердловскийн цэргийн эмнэлгийн ерөнхий эмч Н.В.Соколов Зинад хиймэл гар хийж өгөхийг хүссэн ч тэрбээр татгалзсан байна. Учир нь түүнд хамгийн их эрч хүч өгсөн нь Иосифийн илгээсэн захидал байлаа. Тэд дайны дараа гэрлэж, хүү Вдадимир, охин Нинагийн ээж аав болсон юм. Түүний охин Нина хожим ийн дурссан байна.
Ээжийгээ эрхтэн дутуу гэж нэг удаа бодож байгаагүй. Өөрийнхээ гараар нэхсэн оймс өмсгөж, амттай сайхан хоол хийн сэрээдэг байсан юм. Ээж минь бичиж сураад Зөвлөлтийн өнцөг булан бүрийн өвдсөн, ядарсан нэгэнд сэтгэлийн дэм болсон сайхан үгтэй захидал илгээж, радиод нэвтрүүлэг хөтлөн бусдад тусалдаг байсан" хэмээжээ. Иосиф Марченко, Зинаида Туснолобова нар насан эцэстлээ хамт амьдарсан юм. Зинаида Туснолобова-Марченког ЗХУ-ын баатар цолоор шагнаж, гавьяаг нь мөнхөлсөн билээ.
Эх сурвалж: www.PRNEWS.mn