С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Өнөөдөр ардчилалын алтан хараацай, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол энэ өдөр 55 нас хүрэх байлаа. Өнөөдөр 11.00 цагаас уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд С.Оюун, С.Баяр нараас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батзандан нараас гадна 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирсэн юм.
Цэцэг өргөх ёслолын үеэр С.Зориг агсны ах С.Баяр “Хэрвээ Зориг маань амьд сэрүүн байсан бол өнөөдөр 55 нас хүрэх байлаа.Энэ өдрийг өөдрөг сайхан эерэг талаас нь жил бүр дурсдаг өдөр. Жилд хоёр удаа энэ хөшөөн дээр ирж цэцэг өргөдөг. Дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрөөр нь, аравдугаар сарын 2-нд буюу түүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн өдөр энд ирж хүндэтгэл үзүүлдэг. Бид өнөөдөр энэ хөшөөн дээр уламжлал ёсоор ирлээ. Өнөөдөр өглөө 09.00 цагаас МУИС-ийн С.Зоригийн нэрэмжит лекцийн танхимд /С.Зориг агсны хичээл зааж байсан танхим/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Амарсанаа оюутнуудад зориулж С.Зоригийн тухай, ардчиллын тухай лекц уншсан.
Мөн өнөөдөр 12.00 цагаас Монголын Үндэсний музейд С.Зоригийн тухай бэсрэг үзэсгэлэн нээлтээ хийнэ. Бид ийм үйл явдлууд дүүрэн дүүгийнхээ төрсөн өдрйиг тэмдэглэж байна.
Ер нь энэ хэргийн талаар сүүлийн үед нэлээд их мэдээлэл гарсан. Ар гэрийнхэн нь зүгээс буюу С.Оюун бид хоёр байр сууриа илэрхийлсэн. Бидний байр суурь хэвээр байгаа. Одоогоор нэмж хэлэх зүйл байхгүй байна” гэв.
Эх сурвалж: Eagle.mn