У.Хүрэлсүхийг чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар Ерөнхий сайдад дэмжлээ
УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэнээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд томилогдсон учир Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн У.Хүрэлсүхийг Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Итгэл үзүүлэн томилсон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийн зүтгэлээр хариулж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, буруутанд хариуцлага тооцож чаддаг, шударга үнэнийг тогтоосон Ерөнхий сайд болно. Би авлигачтай тэмцдэг, арл түмнээ өмгөөлдөг Ерөнхий сайд болно" гэлээ.
НЭМЭЛТ: 11:33 ЦАГ
У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЧУУД БАЯЛГАА ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ НЬ
БИДНИЙ Л ДОТООД АСУУДАЛ
А.Сүхбат: Агаарын бохирдол, цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэх вэ
У.Хүрэлсүх: Агаарын бохирдол, хөрсний бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн. Өнөөдрийг хүртэл энэ ажил дээр тодорхой ажлууд хийгдсэн нь үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс энэ асуудалд анхаарч, судлан ажиллах болно. УИХ-ын гишүүдийн саналыг сонсож, шаардлагатай авах арга хэмжээг авах болно. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх болно.
С.Эрдэнэ: МОнгол улс хэдий болтол гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж шүтэж амьдрах вэ. Бие даасан бодлого хэрэгжүүлэх боломж байгаа гэж харж байна уу. ОУВС-гийн өгч байгаа зээл тусламж гэж яриад байгаа гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан бодлого баримтлаад байх юм уу. “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтыг гадны банкуудаар дамжуулахгүй юм бол хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах хэмжээний асуудал яригдсан. Гадны улс орны өгч байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй үедээ хэрэгтэй л байдаг байх. Миний бодож байгаагаар гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын хяналтыг сайржуулах ёстой гэж харж байгаа.
У.Хүрэлсүх: Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгааг мэдэж байгаа байх. Он гараад бондын эргэн төлөлтийн асуудал яригдана. ММС-гийн төлбөрийн асуудал байна. Монголчуудад тулгараад буй хамгийн том асуудал бол өрийн асуудал юм. Тиймээс аль болох санхүүгийн сахилга батыг сахих хэрэгтэй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учраас санал шаардлагыг нь тусгаж авах ёстой.
Стратегийн ордуудын асуудал дээр С.Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Монголчууд газрын баялагтаа үеийн үед эзэн суух ёстой юм. Монгол улс өөрийн түмэнтэй, өөрийн хууль дүрэмтэй. Тиймээс өөрсдийн баялгаа хэрхэн зарцуулах нь манай дотоодын асуудал гэдгийг хэлмээр байна.
Бид ганцхан уул уурхайн баялгийг шүтэж ирсний гай их гарсан. Тиймээс бид хөдөө аж ахуйн салбаруудаа дэмжиж ажиллах ёстой юм. Уул уурхайгаас олсон баялгаа бид газрын доорхи биш газрын дээрх баялаг болгох ёстой. Монгол хүн хол замд хөтөлгөө морьтой гардаг шиг уул уурхай, хөдөө аж ахуйн салбараа адилхан хөгжүүлээд явах ёстой.
Хүүхдийн мөнгөний асуудал байна. Хүүхдээсээ юм харамладаг хүн гэж байхгүй. Гэхдээ харамсалтай нь бидний нөхцөл байдал хүнд байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг л болж байна.
НЭМЭЛТ: 11:10 ЦАГ:
У.ХҮРЭЛСҮХ: ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ БОЛНО
О.Баасанхүү: Багш нарын цалингийн асуудлыг хэрхэх вэ. Цалинг нэмэгдүүлэх арга замыг судласан юм уу. Яамдын асуудлыг хэрхэх юм бэ гэдэг талаараа дэлгэрэнгүй хариулт хэлэхгүй юу.
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Багш нарын цалингийн асуудал байна. Би багшийн зовлонг сайн мэднэ. Миний эхнэр багш хүн байгаа юм. Миний гэр бүл ч гэсэн багшийн цалингаар амьдарч байсан.
Би анхнаасаа л хэлсэн багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэдгийг. Эхлээд шат дараатай нэмэгдүүлэх асуудлыг ярих нь чухал. Боломжтой болсон үедээ цалинг нэмэгдүүлэх арга замыг сонгох болно. Нөгөөтэйгүүр, ОУВС-тай ярьсан учраас цалинг шууд нэмэгдүүлэх боломжгүй юм.
Яамдын тоог нэмж, хасахгүй. Нэр дэвшихдээ би хэлсэн. Өвлийн улирал ойртож байгаа энэ үед яамдад ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр хийх ёстой ажлаа хийгээд үргэлжлүүлээд явна. Монгол төрийн хууль зөрчсөн төрийн албан хаагчдын толгойг илэхгүй гэдгээ хэлье. Төрийн хуулийг дээдлэдэг зарчим суларч байгаа учир хариуцлагыг чангатгаж ажиллах болно.
НЭМЭЛТ: 11:03 ЦАГ
ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ГИШҮҮД ЧУУЛГАНД ИРЭЭГҮЙ БАЙНА
Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч нэр дэвшигчийн танилцуулгыг хийсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд одоогоор Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй гишүүд оролцоогүй байна. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд асуулт асууж эхэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн ажлын туршлага, намтарыг дурьдаад "У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох асуудлыг дэмжихийг хичээнгүйлэн хүсье" хэмээн хэллээ. Үүний дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж, хариулт авах бөгөөд саналаа хэлэх юм.
Ж.МЯДАГБАДАМ
Т.БАТСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN