21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад хариуллаа

2017 оны 10 сарын 18 нд

 

   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Яг одоо УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд түүнээс асуулт асууж хариулт авлаа. Харин одоо саналаа хэлж байна. 

О.Баасанхүү: -Та нам дотроо ойлголцохгүй байна гээд хэдхэн хоногийн өмнө ярьж байсан. Одоо ойлголцсон уу. Ойлголцоно гэдэг чинь албан тушаалаа хуваахыг хэлж байгаа юм уу. Та Засгийн газарт ажиллахгүй гэж байсан. Яагаад гэнэтхэн байр сууриа өөрчлөв?

Ө.Энхтүвшин: -Нам дотроо ойлголцсон уу гэж байна, ойлголцсон. Гэхдээ ямар нэгэн тохироо, арилжаа наймааны зарчмаар ойлголцоогүй. Бодлого, зарчмынхаа дагуу ойлголцсон. Би эхлээд залуучуудыг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байсан. Тиймээс зургаан залууг санал болгосон. Тэднийгээ сайд болчихоосой гэж бодсон. Нэлээд хөөцөлдсөн. Гэвч болсонгүй. Харин дараа нь ярилцаад намайг нэр дэвшүүлэхээр болсон. Ер нь бол одоо л та ажиллах хэрэгтэй гэж тулгасан. Дээрээс нь намын дотоод асуудал, туршлагыг тань бодсон ч ажиллах зөв гэдгийг намын нөхөд маань хэллээ. 

Н.Учрал: -Аж ахуйн нэгж, иргэдийг төрийн байгууллагууд маш их дарамталж байна. Бөөн бичиг цаас нэхэхээс эхлээд дарамт их. Гэхдээ хяналт шалгалтгүй бай гэсэн үг биш. Хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтыг хэрхэн сайжруулах вэ?

Ө.Энхтүвшин: -Яг хуулиар хариуцуулсан чиг үүрэг найм  бий. Харин хариуцах агентлаг дөрөв бий. Мэргэжлийн ерөнхий газрыг санаачлан байгуулсан хүний нэг нь би байгаа юм. Хуучин бол сайд бүр тус тусдаа хяналттай байсан юм. Гэвч хяналт шалгалт давхцаад байсан учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг байгуулж байлаа. Түүнээс хойш энэ байгууллага ямар ажил хийсэнтэй танилцана. Ер нь ажлаа авсан даруйдаа агетлагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж өөрчлөх зүйл байвал өөрчилнө. Иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлэх бус тусалж дэмждэг байх ёстой. 

Л.Болд: -МАН-ын хамтарсан Засгийн газар хоёр талаасаа 6:9 гэсэн зарчмаар сайд нараа нэр дэвшүүлэн томилуулах гэж байна. Ө.Энхтүвшин дарга та бол өөрийнхөө талын 32-ын бүлгийг толгойлон орж ирж байна. Өмнөх Засгийн газар огцрох болсон шалтгаан нь 60 тэрбумын асуудал. Энэ Засгийн газар үүнийг мартаж болохгүй. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

 Ө.Энхтүвшин: -Би 32-ын бүлгийг тэргүүлж орж байгаа асуудал байхгүй. МАН 2016 оны сонгуулиар 65 суудалтай болсон. Би тэр намаас л нэр дэвшиж орж ирж байна. Хууль хяналтын байгууллагууд 60 тэрбумын асуудлыг шалгаж байгаа. Шалгаж дууссан бол тэр дүнг нь УИХ дээр сонсох ёстой гэж үзэж байна.

М.Оюунчимэг: -Хүчирхийлэлд өртөөд эмнэлэгт үзүүлэхээр очсон хүүхдээс 10 мянган төгрөг нэхсэн асуудал гарсан. Засгийн газар, Ерөнхий сайд та үүнийг хэрхэн анхаарч байна вэ?

У.Хүрэлсүх: -Гурван сайдын хамтарсан захирамжийн дагуу төлбөр авдаг юм билээ. Засгийн газрын анхны хуралдаанаараа энэхүү захирамжийг цуцална. Энэ журмын дагуу төсөвт найман сая төгрөг цугладаг юм билээ. Гэмтэж бэртсэн хүүхдүүдээ хүлээж авахгүй төр байж болохгүй. 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж оношилдог болно.

М.Билэгт: -Мэргэжлийн хяналтын байцаагчид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чирэгдэл учруулах замаар авлига авах замаа засдаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Том аж ахуйн нэгжүүд бол хуулийн мэргэжилтэнтэй байдаг учраас чирэгдэл учруулж чаддаггүй. Уг нь төрийн хяналтыг явуулж байгаа албан хаагчид иргэдийг дэмжих зарчмаар ажиллах ёстой. Үүнийг өөрчлөхгүй бол мэргэжил хяналтын байгууллага гэхээсээ илүү төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаж байна. Тиймээс та төрийн хяналтыг албан хаагчдын ажлыг ёсзүйтэй болгоход тодорхой ажил хийгээрэй.

Ө.Энхтүвшин: -Мэргэжлийн хяналтын байгууллагад ямар алдаа дутагдал байгааг сайн хянаж үзнэ. Иргэдээ хянаж цагдахаасаа илүү тусалж ажиллахыг би шаардана.  

 

Эх сурвалж:  



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0