21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

БӨХИЙН МЭХЭНД!!!

2017 оны 10 сарын 27 нд

      Шинэ засгийн газар бүрэлдээд удаа ч үгүй байтал дуулиан дагуулсан үйл явдлууд ар араасаа өрнөж байна.

    Тэдгээрээс онцлох нэгэн үйл явдал нь өчигдрийн ТЕГ-ын дарга Б.Хурцын мэдээлэл болоод, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хариу мэдэгдэл дуулиан дагуулав.

      Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц: ХЗДХ сайд Ц.Нямдоржийг “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийг шалгах, илрүүлэх ажиллагааг явуулж байсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан”, “Мөн түүнийг гадны тагнуулын байгууллагатай холбоотой гэх 42 хуудас материал ТЕГ-аас алдагдсан”, “Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнестэй” гэх зэрэг мэдээллүүдийг хийсэн.

     Харин ХЗДХ сайд Ц.Нямдорж: “Б.Хурцын тухайд зул бөхөхийнхөө өмнө жаахан бамбарлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу гэж бодож байна. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудал шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудал шийднэ. Би хэлж амжаагүй үг байгаа. Хэлнэ гэж яриад байсан даа. Эрдэнэтийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон. Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой юм. Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж ийм мэдээлэл хийж байна” хэмээн мэдэгдсэн юм.

 

       Тэгвэл үүнтэй зэрэгцэн өчигдрийн ЗГ-ын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанийн асуудлуудыг шалгах Ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэгт өхэдхэн цагийн өмнө өөд сөргөө үгэн мөндөр буулгалцаж байсан албан тушаалтнууд хоёул багтаад байна.

       Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлан, гишүүдээр Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол банкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилжээ. Ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

        ХЗДХ сайд болоод, тагнуулын байгууллагын тэргүүний хоорондох тэмцэл хойшид хэрхэн өрнөх нь сонирхолтой агаад, улс төрийн хүрээнд анхааралтай ажиглах үйл явц болж байна. Ямартаа ч Монголын нийгэмд олон жил бугшсан эрх мэдлийн төлөөх тэмцлийн шуурган гал дундах тэдний мэдэгдлүүдээс ард олонд үнэн, шударга ёс, дэг журам гэгч юу байдгийг эргэн санах боломжит нөхцөл үүсээсэй гэж хүлээх үлдлээ.

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0