Оффшорын эсрэг бүлгээс нэр дэвшигч Х.Баттулгыг оффшорын асуудлаар нотлох баримтаа авч ирж, няцаахыг шаардлаа
"Оффшорын эсрэг" лобби бүлгээс өчигдөр мэдээлэл хийлээ.
Оффшорт мөнгө нуухдаа гэр бүл, ах дүү хамаатан садан гэхчилэн хамаарал бүхий этгээдийн нэр дээр мөнгө нуудаг. Тийм учраас Оффшорын эсрэг хуулиар төрийн албан хаагчид өөрөө болон хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр оффшорт данс байхыг хориглосон. Гэтэл нэр бүхий этгээдүүд Оффшорын эсрэг хуулийг биелүүлэхгүй байгаа гэлээ. Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс оффшор бүсэд дансгүй, компанигүй байх ёстой. Тэдний хамаарал бүхий хүмүүс нь ч дансгүй, компанигүй байх хууль үйлчилж байна. Хэрэв данс, компани байдаг бол АТГ болон Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээд, шалгуулах зохицуулалттай.
Оффшорын эсрэг тэмцэл бол нам харгалзахгүй байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс оффшорын асуудалд нэр холбогдож болохгүй. Гэтэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Х.Баттулга оффшор бүсэд компанитай гэдэг үндэслэл бүхий баримт, нотолгоо байна гэв.
Х.Баттулга 2006 онд CAMEX компанийг үүсгэн байгуулаад, 2014 онд 100 хувь оффшор бүсэд бүртгүүлжээ. Тухайн үед Х.Баттулга УИХ-ын гишүүн байжээ. Мөн “Ард” хочит Я.Батсүх, Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бөхбат, Хятад түнш Билли Лим, түүний охины нэрээр оффшорт бүсэд компани бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна гэв. Х.Баттулгын эдгээр хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх компаниудад Монголын стратегийн орд байгаа гэв. Ингэж Х.Баттулга Монголын байгалийн баялгийг гадаадынхны мэдэлд шилжүүлж байна гэлээ.
Дэлхий дээр 2375 долларын тэрбумтан байдаг. Тэдгээр долларын тэрбумтнуудын нэг нь Х.Баттулга аж. Гэтэл Х.Баттулга хөрөнгө орлогоо худлаа мэдүүлж, хөрөнгөнийхөө ердөө нэг хувийг мэдүүлжээ. Ингэж хөрөнгөө нуун дарагдуулсан болон оффшорт байгаа дансыг нь шалгаж өгөөч гэж АН-ынхнаас ч хүсэлт иржээ.
Тиймээс Оффшорын эсрэг бүлгээс нэр дэвшигч Х.Баттулгыг оффшорын асуудлаар нотлох баримтаа авч ирж, няцаахыг шаардлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн ийм эргэлзээтэй мэдээлэлтэйгээр нэр дэвшин өрсөлдөж болохгүй гэлээ.
Т.Аюурсайхантай хамт АН-ын гишүүн Л.Наранбаатар хэвлэлийн хурал хийв. Л.Наранбаатар "Би хувьдаа болон АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл, Х.Баттулга намынхаа Засгийн газрыг унагаж байсан.
Мөн Х.Баттулга намынхаа лидер залуучуудыг гүтгэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Х.Тэмүүжинг "сайн ах" М.Батчимэгийг тагнуулч, Л.Гантөмөрийг мүүнчин болгосон хүн. Ийм хүн монголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүн байж чадна гэдэгт эргэлзэж байна" гэсэн юм.
Т.Аюурсайхан,Л.Наранбаатар ярилцлагыг бүрэн эхээр нь үзнэ үү.