КОНСУЛ Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ХАНДЛАА!!!
Хятад улсын иргэн Монголын консулын дугаартай машинаар хориотой зүйлсүүдийг тээвэрлэдэг нь илэрч, хар тамга даруулсан байна!!!
2017 оны 10-р сарын 17-ны өдөр AYANGA.MN сайтад “Монголын консулын тусгай дугаартай автомашин унасан хужаа янханы газар хэсч явна” гарчигтай нийтлэл гарсан бөгөөд энэхүү нийтлэлтэй холбогдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ 2017-10-18-ны өдөр иргэн Ж.Хатанбаатар гэгчид итгэмжлэл илгээн, түүгээр дамжуулан СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан байдаг. Нэхэмжлэлийн агуулга нь “Манай консулын алдар хүндэд халдаж, гүтгэсэн тул зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ үү!” гэсэн байв. /ГҮТГЭГДСЭН ГЭХ НИЙТЛЭЛИЙГ ЭНЭ ХОЛБООСООР УНШИНА УУ http://www.ayanga.mn/news.php?nid=810 /
Улмаар цагдаагийн газраас сэтгүүлчийг дуудан байцаалт авсан агаад, энэ зуурт Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлч рүү удаа дараа танилуудаа яриулж, уулзалт товлуулах саналыг хэлүүлсэн. Мөн мэдээллийн агуулгаас тэс өөр тайлбаруудыг, тухайлбал “Нийтлэлд дурдагдсан Хятад хүний эзэмшиж ашигладаг 1234 дугаартай Вenz S-500 автомашины дугаар нь консулын эзэмшлийн дугаар биш, надаас өмнөхийн өмнөх консул уг дугаарыг эзэмшиж байсан. Нутаг буцахдаа автомашинаа, дугаарын хамт зараад явсан. Гадаад харилцааны яам нь ажлаа хийгээгүй, тэр дугаараа хурааж аваагүй байдаг. Өмнөх консулуудын үед нийт 4 машин зарагдсан. Консулын машин татваргүй Хятад руу ордог. Буцаад Монгол руу оруулах гэхээр татвар нь их учраас тэр гоё дугаартай нь зарчихдаг” гэсэн тайлбар хэлснийг нь түүний танил эмэгтэй уламжлаад Д.Мөнх-Эрдэнэ уг асуудалд хамаагүй, хамааралгүй гэдгээ нотлох мэдээллүүдийг удахгүй өгнө” гэсэн билээ.
Түүнээс хойш бүтэн сарын хугацаа өнгөрөхөд цагдаа сэтгүүлчээс дахин мэдүүлэг аваагүй бөгөөд, тухайн асуудал хэрхсэнийг тодруулахаар эргэн холбогдоход “Хөх хотын консулын бусдад гүтгүүлсэн тухай гомдлыг СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаад, гүтгэх зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй, зөрчлийн шинжийг агуулаагүй учраас гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан. Энэ тухай саналаа хоёр долоо хоногийн өмнө прокурорт илгээсэн. Прокурор хянаж үзээд, үргэлжлүүлэн шалгах үндэслэлтэй гэж дүгнэсэн бол бичгээр хариу ирүүлэх ёстой. Одоо хүртэл тийм хариу ирээгүй тул прокурор миний шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн гэж ойлгож болно...” гэх хариултыг өгөөд байна.
Тэгвэл өөрийгөө гэм буруугүйг илтгэх мэдээлэл материалуудыг илгээнэ гэсэн эрхэм консул Д.Мөнх-Эрдэнэ ямар ч баримт мэдээлэл илгээсэнгүй, таг чиг байсаар... ЭНЭ БОЛ ХЯТАД УЛСЫН ИРГЭНИЙ ЭЗЭМШИЖ БУЙ МОНГОЛЫН КОНСУЛЫН АВТО МАШИНЫ ДУГААР
Сэтгүүлч аливаа асуудлыг хөндсөн бол цаашаа хэрхэн шийдвэрлэгдсэнийг нь олон нийтэд эргэж мэдээлэх үүрэгтэй. “Сэтгүүлч консулыг гүтгэсэн зөрчил үйлдээгүй” гэж Цагдаагийн байгууллага үзээд, хэрэг үүсгэхээс татгалзсан байх тул уг асуудлыг харьяалагдах яам дангаараа, дотооддоо судалж шинжилсний үндсэн дээр, нэмэлт мэдээллүүдийг бусад эх сурвалжуудаас авч, Ёс зүйгүй консулд ямар хариуцлага ноогдуулж, хэрхэн шийдвэрлэх бол? гэдэг асуулт хэвээр үлдээд байна.
Иймд хилийн гадна эх орноо төлөөлөн сууж МУ-ын нэр хүндийг өргөж явах үүрэгтэй Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудлаар бид Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарт хандаад байна.
Дашрамд мэдээллэхэд өмнөх сайд Ц.Мөнх-Оргилын үед энэ асуудлыг тус яамны хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан ГХЯ-нд мэдэгдсэн ч “Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй асуудалд манай байгууллага оролцохгүй” гэсэн тайлбарыг Консулын газрын холбогдох албан тушаалтан хэлсэн байдаг.
Харин бид одоо Гадаад харилцааны Д.Цогтбаатарт хаягласан албан бичгээрээ доор асуудлуудад хариулт авах хүсэлтэйгээ илэрхийлээд байна.
1. Эх сурвалжууд Д.Мөнх-Эрдэнэ консулын Хятад улсын иргэнтэй хувийн харилцаатай, консулын нэр нөлөөгөөр тэрхүү Хятад хэрхэн дураараа авирладгийг мэдээлсээр байхад тэрээр уг асуудлыг яагаад өөртөө хамаагүй мэтээр холдуулан түлхэж, өмнөх консулууд эзэмшиж байсан автомашинаа дугаартай нь зараад явсныг тэр хүн эзэмшиж байгаа мэт тайлбар хэлснийг тодруулах...
2. Хэрэв өмнөх консулууд машинаа дугаартай нь зараад явдаг бол тэд хэдээс хэдэн оны хооронд алба хашиж байсан, мөн эзэмшлийн автомашинаа дугаартай нь зарах зөвшөөрлийг тэдэнд хаанаас олгодог болохыг.
3. Өдгөө Хөх хотын консулын газрын албан хэрэгцээнд Монгол улс ямар маркийн, хэдэн тооны автомашинуудыг, ямар дугаартай эзэмшүүлдэг болох.
4. Хятад хүн Монголын консулын автомашины дугаарыг эзэмшин, тус улсдаа консулын эрх ямбыг эдэлж явахад, тэрхүү тусгай дугаарыг Д.Мөнх-Эрдэнэ консул яагаад хураан авдаггүйг
5. МУ-д эдийн засгийн хямрал нүүрлээд чамгүй хугацааг өнгөрүүлж байхад 300 мянган долларын үнэтэй Benz S-500-маркийн автомашиныг ямар консул хэзээ эзэмшиж байгаад, хэнд зарсан болох тухай зэрэгт харьяалагдах яамныхаа ажлын чиг үүргийн дагуу асуулга асууж, албан ёсоор бичгээр хариултыг өгөхийг хүссэн. Мөн Нийтлэлийг эх хувиар, нэмэлт баримтуудын хамт хүргэсэн болно. ГХЯ-наас албан ёсны хариу ирмэгц сайт болон пэйж хуудсаараа олон нийтэд шуурхай мэдээлнэ.
Харин эдгээр үйл явдал өрнөж байх зуурт эх сурвалжуудтай дахин холбогдсон. Тэдний нэмж мэдээлснээр “Монголын консулын эзэмшлийн 1234 дугаартай Benz S-500-ийг Хятад улсын иргэн эзэмшдэг нь үнэн. Тэрхүү Хятад улсын иргэн өөрт ашигтай шаардлагатай үед Монголын тугийг машиндаа суурилуулаад явдаг. Янхны газар, массажны газрын гадна зогсох дипломат дугаараа харахаар эх орныхоо нэрийг бодон, яс хавталздаг.
Эрхэм консулын найз Хятад Монголын консулын газарт өөрөө консул мэт авирлаж, танил хятадууддаа урилгагүйгээр, нэг өдрийн дотор виз олгуулах зэргээр консулын газрын дотоод ажилд нөлөөлдөг.
Мөн тэр хятад Консулын дугаартай машинаар хориотой зүйлсүүдийг тээвэрлэдэг нь илэрч Монголын хилээр нэвтрэх эрхгүй, хар тамга даруулчихаад байгаа хүн гэсэн шинэ мэдээллийг дуулгасан ба нийтлэлд хөндөгдсөн асуудал үнэн ч, тэд дипломат ёс журмыг огтхон ч хайхрахгүй дураараа авирласаар байдаг” гэсэн юм.
AYANGA.MN